“Амьдрал чиний төлөө” олон ангит киноны Батхүүгийн дүр, “Single Ladies” киноны Ханхүүгийн дүрээр олонд танигдсан жүжигчин, найруулагч Г.Дөлгөөн-Аюуш нууц авъяасаа дэлгэжээ.
Тэрээр шинэ уран бүтээлдээ мэргэн харваачийн дүрд тоглож байгаа аж. Түүний бэлтгэлийг мэргэжлийн харваач хийлгэж буй бөгөөд нүдний цэц мэргэн сайтай болохыг нь хэлж байгаа аж.
Жүжигчин залуугийн хувьд саяхныг хүртэл “Ододтой бүжиглэе” шоугаар үзэгчидтэй уулзаж, чадварлаг бүжигчин гэдгээ гайхуулж явсан. Түүний бүжгийн авъяас хүүхнүүдийг ёстой хуйлруулах шиг болж байсан. Ямар сайндаа л, тэд Г.Дөлгөөн-Аюуш чи хаанаас ирсэн юм бэ, ганц бие юм болов уу хэмээн сураглаж байв.
“Ханхүү”-гийн хувь энэ жил 29 настай, нэг хэсэг УДЭТ-т жүжигчнээр ажиллаж байсан. Энэ хугацаанд “Гамлет” жүжгийн Вольтимандын дүр түүний анхны дүр байсан бөгөөд нэрт “Ромео Жульетта”, жүжгийн хотын захирагчийн хүү Парис делла Скалагийн дүрийг бүтээж байв. Мөн “Нора”, “Чөлөөт хос”, “Бүүвэй” зэрэг жүжигт тоглож байв.
Г.Дөлгөөн-Аюушыг олон улсын сайхан залуу шалгаруулах “Manhunt International-2010” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Энэ тэмцээнээс “Үндэсний хувцас” төрөлд тэргүүлсэн тэрээр сайхан хөөмийлдэг.
Тэрээр багаасаа урлагтай ойрхон өссөн. Түүний ээж жүжигчин Б.Нарантуяа Chance Монголын кастингийн агентлагийн захирал юм.
15 настайгаасаа эхэлж бодибилдингээр хичээллэсэн бөгөөд Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан түүх түүнд бий.