Ховд аймагт өнөө өглөө 08 цагийн орчмоос эхэлж их хэмжээний усархаг бороо оржээ. Үүний улмаас айлуудын гэр үерт автах, шавар цементэн хашаа нурах зэрэг эрсдэл үүсээд байгаа аж.
Энэ талаар тус аймгийн иргэн Б.Долзодоос тодруулахад “Ихээхэн хэмжээний усархаг бороо өглөөнөөс хойш орсон. Айлуудын хашаа нурж байгаа сураг байна. Манай цементэн хашаа ч бас нурах эрсдэлтэй болоод аймгийн Онцгой байдал руу утасдаж, ус соруулах арга хэмжээ авхуулах дуудлага өглөө. Гэтэл 100 гаруй дуудлагын дараа танайх руу очно гэлээ. Одоо хүлээхээс яахав гэж бодоод сууж байна” гэв.
Аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээр тус аймгийн зарим нутгаар ойрын 3 өдөр дуу цахилгаантай аадар бороо орно. Алтайн салбар уулсаар 14-16м/с хүрч ширүүсч шуурна.Уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна гэжээ.