Олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн залуу гэгээнтэн болох Наро Банчэнгийн талаарх 13 баримтийг хүргэж байна. Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, Ар халхын 88 шидтэй Наро Банчэн гэгээний VII дүрийн хувилгаан Данзанлхүндүв нь царай зүс, бие хаа, оюун ухаанаараа гайхагдаж яваа хутагт билээ.
Завхан аймгийн Отгон сумаас гаралтай тэрээр эх орныхоо баруун аймгуудаар тойрч яваа. Өдгөө Отгонтэнгэрт хайрханы энгэрт хүрч очсон тухайгаа цахим хуудаснаа нийтлэжээ.
Наро Банчэн Гэгээнтэн XVII жарны “Цог нигуурт” хэмээх усан тахиа жилийн хаврын дунд сарын шинийн найман буюу 1993 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Отгон суманд эцэг Дайрийжавын Баянмөнх, эх Ядамсүрэнгийн Содном нарын ууган хүү болон мэндэлжээ. Эцэг эх нь түүнд Б.Цэдэн-Иш гэх нэрийг өгчээ.
13 настайгаасаа Заяын гэгээн Лувсанданзанпүлжинжигмэдэд шавь орж, лам болсон байна.
Нийслэлийн 105 дугаар дунд сургуулийг дүүргэж, ШУТИС-ийн КТМС-д компьютерийн систем хамгаалалтын ангид элсэн орсон байна. Энэ ангиа өөрчилж, Төрийн захиргааны удирдлагын менежмент мэргэжлээр 2015 онд төгсөж, үргэлжлүүлэн ШУТИС-д Нийтийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам Данзанжамц БНЭУ-ын Дарамсала хотноо 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Наро Банчэн Гэгээний хойд дүрээр тодорсон батламж соёрхолыг гардуулж, түүнийг Данзанлхүндэв хэмээн нэрийджээ. Гандантэгчэнлин хийдийн Буддын гүн ухааны Дашчойнпэл дацанд шашин номын дагуу ширээнд залах хүндэтгэлийн ёслолыг 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр үйлдсэн байдаг.