“Эмэгтэй хүний залуу нас 18–35 хүртэл маш богинохон” гэж Т.Нансалмаа охид бүсгүйчүүдэд хэлдэг. Түүний энэ үг бараг л орчин цагийн афоризм болсон гэхэд болно. On’n Off-р овоглосон олон ажлыг шоу бизнесийн ертөнцөд хийсэн Т.Нансалмаагийн бүтээлч түүхийг хатуу ээж, хайранд бөмбөрч өссөн хүүхэд нас, салбар салбарын анхдагч хамт олон гээд чимэх зүйл олон гэдэг.
Монголын анхны продакшн On’n Off, анхны фм 102,5, анхны хувийн чөлөөт телевиз 25 сувгийг үүсгэн байгуулсан С.Ононбат, Ч.Чадраабал, З.Алтай нартай тэрээр хамтран ажиллаж байсан гэдгийг нь харахад л түүний эргэн тойронд тэр бүр олон нийтийн нүдэнд ил гараад байдаггүй нэгэн үеийнхэн тэр аяараа зэрэгцэн оршиж байгааг нь мэдэрч болно. Тэрээр оюутан байхдаа Улаанбаатар сонинд ангийнхантайгаа хамт “Улаанбаатарын үдэш” тусгай дугаар нээж, Монголдоо л анхны загварын бүтэн дугаар гаргаж байж. Үүнээс ердөө есхөн жилийн өмнө буюу 1981 онд л Улаанбаатарт хувцас өмсөж олонд таниулдаг ажил бий болсон гэдгийг яруу найрагч Д.Урианхайн гэргий, монголын анхны загвар өмсөгчдийн нэг Ц.Цэнд гуай нар түүнд өгүүлж байсан гэдэг.
Тэгэхээр тэр яалт ч үгүй сэтгүүлчээс продюсер болсон бүсгүй.