Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ өвчинтэй нүүр тулж зовж явахад тус үзүүлж, анхаарал тавьсан бусад Засаг дарга нартаа талархалын мэндчилгээ илгээжээ.
Тэрээр саяхан хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчин тусч хэсэг хугацаанд эмчилгээ сувилал хийлгэсэн байна. Энэ үед Нийслэлийн Засаг дарга тэргүүтэй, 21 аймгийн Засаг дарга нар нам харгалзахгүйгээр түүнд санаа тавьж, сэтгэлийн хандив илгээсэн талаар Б.Ариун-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа “Засгийн газрын танхимд мөр зэрэгцэн ажиллаж байгаа Нийслэлийн болон 21 аймгийн Засаг дарга нар маань биеийн байдлыг минь асууж, сэтгэлийн хандив өргөжээ.
Бид хэдий улс төрийн үзэл бодол ондоо ч улс, орныхоо хөгжлийн төлөө, мөн аюулт өвчнийг ялахын төлөө өөрсдийн амьдран буй газар болгондоо хичээн ажиллаж байна.
Цар тахлыг хамтдаа туулж, сайн цагийг хамтдаа угтая. Баярлалаа та бүхэндээ. Хүндэтгэсэн Б.Ариун-Эрдэнэ” хэмээн онцолжээ.