Амраг залуутайгаа хамт Австралид амьдарч, анхны үрээ төрүүлсэн мисс, загвар өмсөгч Т.Туяамаа эх орондоо бүр мөсөн иржээ.
Нөхрөөсөө салснаа нууцалж, охиноо ганцаараа өсгөж байгаа мисс бүсгүй төд удалгүй загварын агентлаг байгуулан реклам сурталчилгаанд тоглож эхэлсэн юм.
Өнгөрсөн жилээс 99 цэцгийн баглаа, романтик аялалын зургуудаар гайхуулах болсон мисс Т.Туяамаа шинэ хайртай учирч, охиноо шинэ аавтай болгожээ. Мисс бүсгүйн гайхам сайхан зургуудыг авч, хайр халамжаар эрхлүүлж яваа шинэ амрагийнхаа зургийг тэрээр дэлгэсэн байна.
Тун өвөрмөц содон төрхтэй Т.Туяамаа Дорнод нутгийн охин. Түүнд загвар өмсөгч болох мөрөөдөл хар багаас нь байсан. Байрныхандаа ээжийнхээ оёсон хувцасыг өмсөж үзүүлэн бяцхан шоу дэглэдэг байсан учир “орцны мисс” гэж өхөөрдүүлдэг байж. Түүнийг 14 настай байхад “Азийн модель” агентлаг Дорнод аймагт сургалт явуулжээ. Угийн загвар өмсдөг сонирхолтой байсан охин энэ үеэр Ч.Содтуяад шавь орж ёстой модель болох гараагаа эхэлжээ.
Улаанбаатараар нэг гоё охид дүүрэн, хөдөө гэхээр хөдөө л төсөөлөгддөг байж мэднэ. Гэхдээ зөвхөн зарим хүмүүст. Ч.Содтуяа ёстой хясаанд нуусан сувд гэмээр охиныг Дорнодоос олсон нь өнөөдрийн бидний мэдэх Т.Туяамаа. МУИС-ийн Социологийн ангид суралцаж төгссөн тэрбээр 17 настайгаасаа “Шилмэл загвар”-т загвар өмсөж байсан. Т.Туяамаагийн гарч ирсэн тэр цаг үе бол бас л шандасаа сорьж уралдаан тэмцээнд байр эзэлдэг байсан үе. “Мисс Монголиа-2010” тэмцээний “Авьяаслаг мисс”, “Манжуурын гоо бүсгүй” тэмцээний гуравдугаар байр, Солонгосын “Керасис” бүтээгдэхүүний нэрэмжит “Шилдэг загвар өмсөгч” шагналын эзэн, 2011 онд “Азийн супер модель” шагналын эзэн болсон юм. 14 наснаас эхэлсэн түүний загварын карьер 22 нас хүрэх үед нь бат суурьтай тогтсон.