“Фантастик” продакшны жүжигчид Ж.Алтаншагай дөрвөн охинтой. Охидынхоо гэрэл зургийг ил гаргасан ч энхрий эхнэрээ хясаа сувдаа нуудаг шиг олноос нуудаг. Түүний гэргий “Алдарт эх”-ийн одон авах үедээ анх удаа олны өмнө ил гарсан гэхэд болно.
Тэдний хувьд оюутан насандаа амьдрал зохиож, дөнгөж 19-20 насандаа аав ээж гэх алдарыг хүртэж байжээ.
Энэ тухайгаа Ж.Алтаншагай нэгэн хэвлэлд ярихдаа “Эр хүн бол маш тэвчээртэй байх хэрэгтэй. Амьдралд юу эс тохиолдох билээ. Бид хоёрт анх амьдрах байр байгаагүй. Мөнгө ч байгаагүй, юу ч байгаагүй. Би өөрөөсөө маш их ичиж байсан. Заримдаа айлын банз хулгайлах үе ч гарч л байсан. Хүүхдэдээ хэрэглэсэн памперсыг нь эргүүлээд хэрэглүүлж байхдаа би маш их харамсаж байсан. Гэхдээ хичээсэн, болсон. Өдөр шөнөгүй хөдөлмөрлөх болсон.
Хүүхдүүдээ амгалан унтаж байхыг нь харах хамгийн сайхан. Найз охиноо хүүхэдтэй нь хаячихсан залуу харж байвал нэг л юм хэлье. Хүүхдээ гаргаад хоол идээд сууж байгааг нь л хар. Чи тэндээс маш том юм мэдэрнэ дээ. Өөрөө ээжээс төрсөн бол эргүүлээд эмэгтэй хүнийг хайрлах хэрэгтэй. Аав болж чадахгүй юм бол яах гэж айлын охиныг эргүүлээд байгаа юм бэ?

Энэ надад их эмзэг тусдаг. Миний эхнэр хамгийн том ажил хийдэг. Хүүхдүүдээ хардаг. Биеэ хувааж гурван охин төрүүлж өгсөн хүнээс би юу хүсэх билээ. Түүний хажууд миний хийж байгаа ажил өчүүхэн жижиг зүйл. Би түүгээр маш их бахархаж явдаг” хэмээж байв.

