Ангир уураг аманд нь амлуулж алтан хэвлийдээ тээж төрүүлээгүй учир эцэг хүнд хүйн холбоо байдаггүй гэж боддог уу? Гэтэл үгүй юм. Аав хүн үр хүүхдийнхээ заяаг холбогч байдаг бөгөөд сүлд хийморь үйлийн үрийн нугалаагаараа үр үндэстээ хувь тавилан бэлэглэдэг нэгэн. Тиймдээ ч, аавын хийсэн үйлийн үр үр хүүхдийнхээ хувь тавилангийн зураач болдог гэдэг үг байдаг биз.
Тэгвэл олны танил хөвгүүддээ бахархал болсон аав нарыг танилцуулъя.
Дуучин А Cool

Багануур дүүргээс гаралтай дуучин А Cool буюу Анхбаяр 28 насандаа аав болсон. Хүүдээ Гэгээннаран нэр хайрласан тэрээр хүүгээ амь шигээ хайрладаг. Учир нь өөрийг нь бага балчир байхад аав нь насан эцэслэсэн учир амсаагүй аавын хайрыг хүүдээ өгөхийг хүсдэг гэдгээ тэр нуудаггүй.
Найруулагч Ц.Хүсэлбаатар

Монголын хошин урлагийн анхны “Өнгөт инээд” хамтлагийн найруулагч Ц.Хүсэлбаатар хоёр амьдралаасаа хоёр хүүтэй. Анхны эхнэрээсээ гарсан хүү “Түнэр харанхуй” нэвтрүүлгийн хөтлөгч Я.Учралыг өөрөө өсгөөгүй ч, өмөг түшигтэй аав байсаар ирсэн гэдэг. Харин одоогийн эхнэр С.Өлзийхүү гавьяатаас гарсан хүү Санждорждоо өөрийнхөө мэргэжлийг өвлүүлэхэр ихээхэн хүчин чармайх болсноо нуудаггүй.
Хоёр хүүдээ эн тэнцүү сургаал юугаа хайрладаг тэрээр өөрийнхөө аав МУГЖ Ё.Цог гуайг “хамгийн сайн аав” хэмээн магтдаг.
“Ард”-ын Ч.Ганхуяг

“Ард” санхүүгийн нэгдлийн эзэн Ч.Ганхуяг сайн аав. Анхны амьдралаас нь төрсөн түүний том хүү Дашка энэ жил 24 нас хүрч байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй энэ хүүгээ бусад хүүхдүүдээсээ илүү хайрлаж, халамжлаж, асран сувилж олон жилийг үдсэн тэрээр хүүдээ хэлэх гэсэн сэтгэлийн үгээ, ямар их хайртайгаа илэрхийлэн сошиалд бичиж олны сэтгэлийг шимширүүлж, эцэг хүний хайр ийм л агуу байдаг байх гэсэн бодлыг төрүүлдэг. Ийм хүнийг сайн аав гэхгүй юм бол өөр хэнийг сайн аав гэх билээ.

Найруулагч Б.Баатар
Найруулагч Б.Баатар Хабул хүүгийнээ ээжээс амьдралаа тусгаарласан ч гэлээ хүүтэйгээ үргэлж холбоотой байдаг. Өөрөө аавын хайрыг мэдэрч өсөөгүй учраас хүүдээ тийм мэдрэмж төрүүлэхгүй тулд хүссэн цагтаа уулзаж, найзууд шиг цагийг зугаатай өнгөрүүлдэг.

Жүжигчин Ялалт
Жүжигчин Ялалтын хувьд анхны амьдралаа “Маск”-ын жүжигчин Жавхлантай эхлүүлсэн ч өөрийн болчимгүй зангаасаа болж хоёр тийш болсон. Тэрээр сайн хань байж чадаагүй ч, сайн аав байхыг илүү эрхэмлэдэг гэнэ лээ. Өсвөр насны хүүгээ өөртэйгээ илүү нээлттэй байлгахын тулд яг найзууд шиг байдаг гэсэн шүү.

