“Гэнэтийн зочид” олон ангит кинонд Ууганхүүгийн дүр бүтээсэн залуу уран бүтээлч Энхтөрийн Төрбат жүжигчлэхээс гадна зургийн даргаар ажилладаг.

Тэрээр “Төлөөс” уран сайхны киноны зургийн даргаар ажилласан. Одоогоор нийт 6 уран бүтээлд тоглоод байгаа түүний анхны гол дүр нь Ууганхүү гэнэ. Өөрийнх нь зан характертай ойролцоо энэ дүрдээ залуу жүжигчин ихээхэн дуртай аж. -Киноны нэг хэсэгт ажлын ярилцлагад орох үеэр шаргуу, шургуу зангийн тухай ярилцдаг. Тэгвэл тэрээр амьдрал дээр ч шаргуу хөдөлмөрч нэгэн гэсэн шүү. Энэ тухайгаа тэрээр “2015 онд Х-ТҮЦ продакшнд орсноос хойш кинонд тоглох боломж олддоггүй байсан. Киноны арын албаны хүмүүс юу хийдэг тэр бүгдийг хийдэг байсан. Арын албанд ажиллаж байхдаа жүжиглэж байгаа хүмүүсийг хараад ямар гоё юм бэ гэж боддог байсан.
Тэгээд хэзээ нэг өдөр би киноны гол дүрд тоглоно, надад тийм том боломж олдоно гэж бодож шаргуу зүтгэсний үр дүнд анхныхаа гол дүрийг бүтээгээд байна. Жүжигчин мэргэжилдээ хайртай болохоор аль ч албанд ажилласан дуртай. Бас шантардаггүй. Аливаа зүйлийг шантрахгүй, ямар ч ажлыг гололгүй хийх нь цаашлаад олон танилтай болно. Алдаа, онооноосоо суралцана. Томоос эхэлнэ гээд суугаад л байвал нэг л байрандаа байна” гэжээ.



