“MCS” группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин амжилтаараа үеийн залуусаа тэргүүлдэг. Тэрээр MУИС-ийг төгсөн 1997 онд “МCS” группээс ажлын гараагаа эхэлсэн бөгөөд түүнээс хойш тус компанийн олон төсөлд үр бүтээлтэй ажиллаж, “Дэлхийн хөгжлийг Монголд” уриагаа бодитоор хэрэгжүүлэхэд нь үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн юм.

Монголын топ компанид 20 гаруй жил ажиллаж, бизнесийн талбарт арвин туршлага хуримтлуулсан Д.Энхтүвшин сүүлийн жилүүдэд “Шарк Танк” нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж, гарааны бизнесүүдийн тулхтай дэмжигч, зөвлөх болоод буй. Ингээд Д.Энхтүвшин шарк нэгэн хэвлэлд ажлынхаа нөү-хауг онцолжээ.
Тэрээр “Гурван зүйл дурдаж болох байх. Нэгдүгээрт, би өөрийгөө бусдын оронд тавьж бодохыг эрмэлздэг. Бизнес гэдэг урт хугацааны харилцаа учраас өнөө, маргаашаа бодсон, зөвхөн өөртөө л ашигтай яриа, хэлцэл хийгээд байвал хамтын ажиллагаа хол явахгүй. Нөгөө талынхаа өнцгөөс асуудлыг харж хэн хэндээ ашигтай шийдэл гаргаж чадвал урт хугацаанд илүү үнэ цэнтэй санагддаг. Ингэх нь аливааг өөрөөр харахад ч сургадаг шиг байгаа юм. Өнгөрсөн хугацаанд энэ арга барилдаа өөрөө эргэлзэх, багийнхан маань намайг хэт нөгөө талдаа ороод байна гэж шүүмжлэх үе ч гарч байсан. Гэхдээ эргээд харахад ийм шийдлүүдийн оносон нь илүү байдаг.
Хоёрдугаарт, би хийж байсан ажлуудаа мартчихдаг. Хэзээ хойно бичиг цаас ухаж байхдаа ч юм уу ийм юм хийсэн билүү гэж гайхдаг. Ингэж мартдаг нь надад олж авсан мэдлэгтэйгээ зууралдаад байхгүй, хэт мэдэмхийрээд байхгүй байх боломжийг олгодог шиг санагдсан. Нөгөө талаас энэ зан нь өөр ажил шинээр эхлүүлэх бүрд би чадахгүй байх гэсэн тийм хэцүү, айдастай, таагүй мэдрэмжийг надад төрүүлдэг.

Гуравдугаарт, сонсох. Үнэндээ би компани дотроо, найзууд дундаа бага ярьж, их сонсдог талын хүн. Шаардлага гарахгүй бол нэг их ярьдаггүй. “Керри”-ийн Томас захирлаас хүнийг хэрхэн сонсох талаар үлгэр жишээ авч байсан. Тэр хүн Шангри-лагийн олон том төслүүдийг хариуцдаг, тун завгүй ажилладаг хэдий ч хүнтэй уулзаж байгаа бол цаад хүндээ анхаарлаа бүрэн хандуулж, тун анхааралтай сонсон ярилцаж чаддаг. Хүнтэй цаг гаргаад уулзаж байгаа бол анхааралтай сонсох сурах хэрэгтэй юм билээ. Уулзчихаад сайн анхаарахгүй, өөр юманд сатаарахаар бол анхнаасаа уулзахын хэрэггүй. Хүмүүс нөгөө хүн нь эсрэг байр суурь илэрхийлэхээс илүү өөрийг нь үл тооход, анхаарахгүй байхад дургүй байдаг юм шиг санагддаг” гэжээ.

