УДЭТ-ийн жүжигчин Э.Тодгэрэл короновирусын халдвартай өнгөрсөн хоёр жилийн хугацаанд туранхай сулбагар биеэ “урлаж” булчин шөрмөс зангируулж, хүүхнүүдийн харцыг булаах болсон.
Тэгвэл энэхүү бие бялдараа ашиглаж нэгэн сонирхолтой уран бүтээлд оролцож байгаагаа цахим хуудаснаа нийтлэжээ. Тэрээр “ Ойрдоо нам гүмхэн байлаа. Дэлгэцийн уран бүтээлдээ ороод, бэлтгэлээ хажуугаар нь таслахгүй зав зай муутай л явна даа. Завгүй явахынхаа хажуугаар нэг ийм бүтээлч ажилд орсон байгаа. Сахал…сахал…бас дахин сахал.
Хэсэг нүдний шилээр дагнасан бол одооноос бавайсан сахалтай баатар Цогтын нагац эрийн дүр төрхөөр хэсэг мэндчилэх биз ээ. Хүсээд ч ургадаггүй авчиг цаана нь сахалтай болох асар их мөрөөдөлд хөтлөгдөн яваа эрчүүд наашаа анхаараарай…Цаана чинь ингээд хийгээд байна..хүүүш” гэжээ.

Ташрамд дуулгахад, монгол ёсонд хэн дуртай хүн дуртай цагтаа сахал үс тавьдаггүй. Харин сахал үс тавьдаг хоёр эрхэм ёсон буй. Үүнд: Эр хүн ач хүүгийхээ дууг сонсоод сахал тавьдаг, нөгөө нь 40 хүрээд сая сахал тавьдаг байж. Мөн эцгийн байгаа цагт сахал тавьдаггүй. Плано Карпини “Монголчуудын түүх” номондоо “Монголчууд сахал үс гэх юм бараг байхгүй боловч зарим нэг нь армаг тармагдуу живэр, нагал, ооч сахалтай бөгөөд сахлаа хусна гэж байхгүй” хэмээн бичиж үлдээсэн байдаг. Монголчууд 40 нас хүрмэгцээ ахмадуудаасаа сахал тавих зөвшөөрөл авдаг сайхан уламжлалтай байжээ. Мөн хаанаа сахал тавих, ооч живэр сахлыг хэдийд хуузтай нийлүүлэн битүүлэх зэрэгт нарийн ёс журам баримталдаг байсан аж.


