Монгол Улсын гавьяат жүжигчин Осорын Бат-Өлзийгийнх бол удам залгасан жүжигчид.

Түүний аав бол Монгол Улсын гавьяат жүжигчин У.Осор билээ. “Тунгалаг тамир” киноны Даржаа баатар, “Ичээнд нь” киноны Тоодгор, “Моторын дуу” киноны Найдангаас эхлээд “Ардын элч”, “Сэрэлт”, “Төгсгөл”, “Хүргэн хүү”, “Талын цуурай”, “Нөмрөг хадны цуурай”, “Манай аялгуу”, “Хүний мөр”, “Их замын эхэнд”, “Бушхүүгийн үлгэр” зэрэг зуу гаруй кино, жүжигт дүрээ мөнхөлсөн нэгэн. Харин түүний хань Ардын жүжигчин С.Сарантуяа.

Тэднийх гурван хүүхэдтэй бөгөөд найруулагч хүү Тамирынхаа охин Т.Цэгц-Үжинг гардан өсгөжээ. Тэдний хүү найруулагч Б.Тамир бол ихрийн өрөөсөн. Түүний ихрийн өрөөсөн Б.Сүндэръя нягтлан бодогч мэргэжилтэй аж.

