On’n Off продакшны гүйцэтгэх захирал, Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгч Т.Нансалмааг танихгүй хүн ховор.

1990-ээд онд их хотын “лүүнз” хүүхэн явсан тэрээр монголын шоу бизнес, загварын ертөнц, урлаг соёлт мөрөө тод үлдээсэн бүсгүй. Хүмүүст өөрийн дуу хоолой, ажил хэргээрээ эчнээ танил болсон Т.Нансалмаагийн талаар тэр бүр сайн мэдэхгүй байж болох юм. Учир нь Google-д түүний ярилцлага маш цөөн. Пентатоник наадмыг хөтөлж, “Master of Cerenomy” гэх нэр хүндтэй үүргийг гүйцэтгэж байснаар нь монголын элитүүд, дундаас дээш насныхан илүү тод санадаг байх.

Тэрээр хөтлөгч Б.Мандуулын подкастад оролцох үедээ хүүхэд хүмүүжлийн талаарх бодол, туршлагаасаа хуваалцжээ. Тэднийх дөрвөн хүүхэдтэй бөгөөд хоёр том нь хэдийнээ нас бие гүйцэц тусдаа амьдрах болсон байна. Түүний хувьд хүүхдээ багаас нь маш завгүй байлгаж, хөгжим болон хэлний боловсролыг олгохыг илүүд үзсэн талаараа ярьжээ. Тэдний том хүү нь гурван хэлээр ярьдаг бол удаах хүүхдүүд нь хоёр хэлээр чөлөөтэй ярьж, сонсдог аж. Энэ тухайгаа “Хүүхдийг багаас нь ачаалал даалгаж сургах хэрэгтэй. Гэхдээ хий гээд чичрээд байж болохгүй чиглүүлээд орхиход хүүхэд өөрөө сонирхолоороо суралцаж эхэлдэг. Хүүхдийг завтай байлгах тусам хэрэг түвэгт орох, хов жив хөөцөлдөх хандлагатай. Хөгжмийн боловсрол хүний хүнлэг чанарыг сэргээдэг учраас өр зөөлөн сэтгэлтэй болгон өсгөдөг. Харин хэлний боловсролыг анх олгоход хэн хэнд нь залхуутай төвөгтэй мэт санагдавч, тэр үед нь тэвчээр зааж чадвал өөрөө маш сайн суралцдаг” гэжээ.


