Ковидын эсрэг вакцины гуравдахь тунг сайн дураараа хийлгэж болно
“Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх вакцины гурав дахь тунгийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Батбаяр “Өнгөрсөн хугацаанд 10 хувийг эзэлж байсан бол сүүлийн үед илэрч байгаа эерэг тохиолдолд дельта хувилбар 30 хувийг эзэлж байна. Тэр дундаа Баян-Өлгий аймагт 80 хувь, Ховд аймагт 55 хувь гэх мэтээр шинэ хувилбарын тархалт эрчимжиж байна.

Мөн вакцины үр дүнгийн үзүүлэлт дэлхий дахинд буурч байна.
Хоёр тунгийн вакцин хийлгэсэн ч дельта вирусын халдвар авахад биеийн байдал хүндрэх магадлалтай байгааг дэлхийн мэргэжилтнүүд анхааруулж байгаа аж.
Альфа, бетта, дельта хувилбар гээд вирусын төрлийн аль алин дээр нь гурав дахь тунгийн саармагжуулалт өндөр байгааг дэлхийн судлаачид тогтоосон. Тиймээс энэхүү олон улсын судалгааг үндэслэл болгож Монгол Улс гурав дахь тунгийн судалгааг ХӨСҮТ-д эхлүүлж бүүстер тун буюу нэмэлт тунгийн судалгааг эхлүүлэх үүрэг авсны дагуу ажиллаж, эмнэлзүйн туршилт хийж байна.
Энэхүү судалгаа нь олон улсад болон Монгол Улсад тодорхой үр дүн хараахан өгөөгүй байгаа учир шууд хийх үндэслэлгүй. Вакцинжуулалт хийснээс хойш тухайн хүний цусанд үүсэж байгаа тархац, тогтоц хэр удаан үргэлжилж байгаа талаарх судалгааг Монголд төдийгүй олон улсад гараагүй байна.
Төрийн албан хаагчдад гурав дахь тунг хүчээр хийж байгаа талаарх мэдээлэл гарсан байсан. Тийм зүйл байхгүй. Тэд сайн дурын үндсэн дээр хийлгэж байгаа. АстраЗенека вакцины нөөц тодорхой хэмжээнд байгаа ч өмнө нь хийлгэсэн бүх хүнд гурав дахь тунг хийх боломж байхгүй. Энэ асуудлыг бид хэлэлцэж байгаа” гэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гурав дахь тунг хийхийг хараахан зөвлөөгүй байгаа гэнэ. Гэхдээ зарим улс орон гурав дахь тунг хийж эхэлсэн, зарим нь судалж байгаа аж. Эхний ээлжинд цагдаа, эмнэлэг, онцгой байдлын албан хаагчдад сайн дураараа хийлгэхийг чиглэл болгосон байна.
Одоогоор Засгийн газар, Улсын Онцгой комиссоос албан ёсны шийдвэр гаргаагүй бөгөөд судалгаа, төлөвлөлтөө хийж байх үүрэг өгсөн. Энэ хүрээнд ГХЯ, ЭМЯ вакцины татан авалтууд дээр ажиллаж байгаа аж.

