Одоогоос 10-аад жилийн өмнө “Гурван охин” хамтлаг нэрээ солихоор фенүүдийнхээ дунд уралдаан зарлаж байв.
Тухайн үед тэд залуусын дунд “Гурван хүүхэн” гэж шоолуулаад тайван ч дуулж чадахаа больсон талаараа хэвлэлд ярьж байв. Мэдээж хэрэг, тэдэнд “Гурван үрэл”, “Гурван алим” гэсэн нэр ч зохихгүй гэдэг нь тодорхой болсон. Тиймээс монгол нэр өгөх үү, эсвэл гадаад нэр сонгох уу гэсэн томоохон асуулт тулгарч байсныг уншигч танаа эргэн сануулж байна.
Ганц бие, залуухан, царайлаг, дэгжин, бас авьяастай гэх тодотгол нь эмэгтэй хамтлаг, дуучдын хувьд эрэгтэй голдуу фэнүүдийнхээ хүрээг тэлэх алтан боломж байдаг. Тэртээ тэргүй, болсон болоогүй дуу дуулаад хагас нүцгэлээд эхэлсэн нялх охидын дэргэд тэд яах аргагүй эгчмэд харагдана. Энэ бүхэнтэй санал нийлсэн хамтлагийн ахлагч Д.Ану
тухайн үед телевизийн нэвтрүүлэгт оролцох үедээ “Гуч хүрээд ч тэр үү, аливаа зүйлд илүү бодлоготой ханддаг болсон. Тиймээс хэн бүхний хэл амны бай болж, элдэв ярианы сэдэв болохоос зайлсхийдэг. Би зүгээр л өөрийнхөөрөө амьдармаар байна. Гэр бүл, хайр дурлалын хувьд ч тэр. Ойрын хугацаанд манай хамтлаг шинэ цомог гаргах, нэрээ солих тал дээр олон зүйлийг шийднэ. Гишүүдийн амьдралын хэв маяг болоод уран бүтээлийн шаардлагаас болоод иймэрхүү өөрчлөлт хийж байгаа юм” хэмээн ярьж байв.
Харин өдгөө тэд 40 нас руу дөхөж байна. Нэрээ солих хэвээрээ юу гэх асуултад “Хамтлагийнхаа нэрийг солихоо больсон. Нэр маань сонсогчид фенүүдэд маань дурсамж бүтээнэ” гэдэг болжээ. Тэдний хувьд өдгөө бүгдээрээ гэр бүлтэй болсон.