Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболд гэргий Х.Отгонтуяатайгаа 1992 онд Гадаад худалдааны “Монголимпэкс” нэгдэлд ажиллаж байх үедээ учирчээ. Өнөөдөр тэдний анх танилцаж, гэр бүл болсны ойн өдөр тохиож байгаа талаар тэдний дундаас төрсөн том охин Б.Бадамцэцэг өөрийн цахим хуудаснаа тэмдэглэжээ.

Тэдний хайрын түүхийг сонирхвол, С.Батболд ажлаа тараад явж байхдаа хэд хэдэн удаа Х.Отгонтуяатай гудамжинд таарчээ. Нэгэн удаа “Ялалт” одоогийн “Тэнгис” кинотеатрын зүүн талд байрлах талбайгаар алхаж явахдаа Х.Отгонцэцэгтэй дахин таарсан байна. Тэр үед Х.Отгонтуяа Лениний музейн хойд талын орон сууцанд амьдардаг эгчийндээ очихоор явж байсан аж. Тааралдах тоолонд өөрийг нь нэг л ойшоолгүй өнгөрөх бүсгүйтэй хэрхэн танилцах учраа нэг хэсэгтээ л олохгүй явсан түүнд аз таарчээ.Түүний ажилладаг “Монголимпэкс” тухайн үед “өндөр яам” хэмээн нэрлэгддэг олон давхарт байрладаг байсан бөгөөд өөр давхарт ажилтай Ч.Гантуяа өнөөх бүсгүйг нь сайн таньдаг байсан нь аз болж.
Ч.Гантуяа Х.Отгонтуяатай хүүхэд байхаас нөхөрлөсөн ойр дотны найз нь. Тэд сайхан нөхөрлөдөг төдийгүй хамтдаа балетийн хичээлд явдаг болохыг С.Батболд мэдсэн даруйдаа найзынх нь утасны дугаарыг Ч.Гантуяагаас асуужээ. Харин Ч.Гантуяа утасны дугаарыг нь өгч болох эсэхийг Отгоо найзаасаа асуухад дургүйцэж татгалзсан хариу өгчээ.
С.Батболд “өндөр яам”-ны танилаа удтал ээрч байж мөнөөх бүсгүйн утасны дугаарыг арай гэж авснаар тэдний хооронд харилцаа үүсэх сэжим бий болсон гэдэг. Тухайн үед хэн хэн нь гэр бүлтэй байсан төдийгүй, нэг нэг хүүхэдтэй байжээ.
Улмаар хайр сэтгэлдээ хөтлөгдөж, С.Батболд хүүгээ аван эхнэрээ орхин эр хүний 13 мэх хэрэглэн Отгоогийнхоо араас гүйсний эцэст арайхийн гэрлэх зөвшөөрөл сонссон гэдэг. Х.Отгонтуяа хатагтай Самади хүүгээ дагуулан, ам бүл дөрвүүлээ шинэ амьдрал зохиож байжээ.

