ОНЖАВ маань одоогоос арав гаран жилийн өмнө Африкт НҮБ-ын мандатын дор энхийг сахиулах албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж яваад алтан амиа алдсан бөгөөд Энхийг сахиулагч хурандаа Данзандоржийн Нарантулгынхаа алдар гавьяаг ард түмэн, армийнхан, манай цэргийн химичид, энхийг сахиулагчид болон онжав миний бие мартахын аргагүй.
Нараа бид хоёр хамтдаа наян оны Улиастайн цэргийн карантинаас эхлээд Тамбовын цэргийн дээдэд зургаан жил тохой залган суралцаж, хот хөдөөгийн цэргийн ангиудаар салааны захирагчаас эхлэн салж нийлэн хорь гаран жил армид хамтдаа алба хаасаар хамгийн сүүлд хоёулаа 2005 оноос олон улсын мандаттай албан үүрэг гүйцэтгэхээр Араб, Африкийн зүгт салж одоцгоосон юм.
Эх орны эрэлхэг хөвүүн хурандаа Д.Нарантулга маань Улаанхуаранд салаан захирагч, Хөтөлд ротын захирагч, Зүүнбаянд тусгай батальоны штабын дарга, Мотобуудлагын хороонд албаны дарга, Алтанбулагт тусгай хорооны штабын дарга, Дарханд шинээр байгуулагдсан цэргийн ангийн анхны захирагч, БХИС-д албаны дарга, Батлан хамгаалахын удирдлагын академид тэнхимийн эрхлэгч, БХЯ-д ахлах мэргэжилтэн, Жанжин Штабт ахлах офицер зэрэг цэрэг хүний бүхий л албан тушаалд дэвшин ажилласан армийн урдаа барьдаг тэргүүний офицер байв.
Энхийг сахиулагч хурандаа Д.Нарантулга маань 2003-2004 онд Конго улсад НҮБ-ын энхийг сахиулах цэргийн ажиглагчаар, 2005-2006 онд Иракийг чөлөөлөх олон улсын цэргийн ажиллагаанд Монголын цэргийн багийн командлагчаар, 2007-2008 онд Сьерра-Леон улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Монголын цэргийн багийн командлагчаар томилогдон төр засаг армийн командлалаас өгөгдсөн үүргийг тангараг өргөсөн цэргийн хүний ёсоор амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл амжилттай сайн нэр төртэй гүйцэтгэж ирсэн дэлхийн цэрэг мэргэжлийн цэрэг байлаа.
Армийн шилдэг офицер Нараа маань Тамбовын цэргийн дээдээс гадна Москвагийн цэргийн академи, БХИС-ын докторантур, Канадын энхийг сахиулах хэлний сургууль, АНУ-ын Жанжин штабын академи буюу Дайны коллежийг амжилттай дүүргэсэн цэрэг-стратегийн өндөр мэдлэг, ёс зүйтэй армийн шилдэг боловсон хүчин байв. Онжав маань Тамбовт байхдаа дандаа онц сурдаг, тоо, физик инженерийн хичээлд бол бүр гаргуун, гитар сайхан тоглож маш гоё дуулдаг, сагс волейбол хөл бөмбөг гээд бүхий л спортод универсал, Орос Монголын буудлагын спортын мастер, мэдэхгүй чадахгүй юман дээр надад байнга тусалж дэмжиж байдаг, удирдан зохион байгуулах авъяас чадвар, хүнтэй харьцах харилцаа гэж ёстой хайлсан тугалга шиг эр хүн байсан болохоор монголын бүх курсантуудыг хариуцдаг үндэсний группын даргын албыг давхар хашдаг байлаа.
Тэгээд Нараа бид хоёр Тамбовын сургуулиа төгсөөд Улаанхуаранд Ардын Армийн 289-р ангид салааны захирагчаар дөнгөж томилогдоод сар ч болоогүй байтал Хөтөл руу анги маань нүүх болов оо. Залуухан шинэхэн бодож санах ч юмгүй салаа салбарын офицерүүд Нарантулга, Жавзандулам, Батболд, Цогбямба, Батжаргал, Одбаатар, Чүлтэмжамц, Бүрнээ ах бид хэд ганц хоёр чемодан, гэрийнхээ жаахан юмыг байлдааны хуягласан машин БРДМ дээрээ ачаад авгай хүүхдүүдээ дотор нь суулгаж аваад цуваанд татан уралдаж давхилдсаар шөнө дундын үед Хөтөлд ирэн Нараа бид хоёр авгай хүүхдүүдээ цэргийн ангийн хашаанд байрлах баракан байрны нэг орцонд өөд өөдөөс харсан нэг нэг өрөөнд оруулж орхиод л цэргийн хоол хүнс арав гаруй машин төмс хүнсний ногоогоо хөлдөхөөс нь өмнө амжиж зооринд хийхээр цэргүүдтэй хамт шөнөжингөө буулгаж гүйлдэж байсан үе саяхан л юм шиг.
1987 онд Хөтөлийн цемент-шохойн үйлдвэрт гарсан цацрагийн ослыг салааны захирагч Нарантулга, Батжаргал нар маань мэргэжлийн өндөр ур чадвар гарган таслан зогсоож чадсанаар болзошгүй цацраг идэвхт хордолтоос Хөтөл хот тосгоны олон мянган хүний амийг аварсан юм. Манай цэргийн анги хээрийн сургуульд Хөтөлөөс зуу гаруй км хол тавдугаар армийн нэгдсэн сургалт хэлбэрээр Орхон Хангалын бэлчир дээр өвөл хоёр сар, зун гурван сар гарна. Салаа ротын дарга бид хэд чинь гол нь эх орноо хамгаалах эр цэргүүдээ мэргэн буудуулж сургахын тулд окопондоо өдөр шөнөгүй сууцгаан өөрсдөө банзан байгаа барин окопноосоо гараараа цухуйлган АК47-оор 400 метрээс шүршүүлж толгой дээгүүр сум шунгинан окопны чулуу шороо бутрах үед ч нүдээ цавчилгүй гол нь байнд туссан сумны нүхийг л сайтар олж харангаа буудагч цэрэг уруугаа ТА-57 хээрийн утсан холбоогоор заавар зөвлөгөө өгөн загнан хашгичаж дахин дахин өөрсөд рүүгээ буудуулсаар байгаад цэргүүдээ бүгдийг нь онц буудуулж сургадаг байв.
ДОКТОР ХУРАНДАА ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ