Ээж гэдэг бол энэ ертөнцөд бурхан бүтээсэн гэгээнтэн юм. Яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучид гээд бүхий л хүн ээждээ зориулсан нандин сайхан бүтээл гаргаж ээжийгээ баярлуулахыг хичээдэг. Ард түмний сэтгэлд хүрсэн эх нутаг, энэрэл хайр, ээж аавын тухай олон сайхан дуу бий. Тэдгээр дуунуудаас дотроос нэг дуу 1990-ээд оны үед жинхэнэ хит болж байсан юм. Яруу найрагч Н.Минжүүрдоржийн шүлэг, Хөгжмийн зохиолч, УГЗ Б.Бямбабаярын хөгжим “Миний буурал ээж” дуу юм.
“Миний буурал ээж” дууг хамгийн анх дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Төмөр-Очирын Цамбалхүндэв дуулсан байдаг. Хүн эхээс төрдөг, анхны дуугаа ээжийн тухай дуугаар эхлэвэл уран бүтээлийн зам харгуй сайхан байх болов уу гэж бэлгэшээсэн олон залуу уран бүтээлчид энэ дууг дуулсан байдаг.
МУСТА дуучин Б.Мөнхбаяр дуулж гурав дахь бие даасан тоглолтоо нэрлэж байсан. Хамгийн сүүлд дуучин Г.Дэлгэрцогт “Миний буурал ээж” дууг дуулж олны хүртээл болгосон. Тэрбээр уг дуугаа дүрсжүүлэхдээ эх хүний зөн совин гэж ямар гайхалтай зүйл байдаг, эх үрийн нандин холбоог харуулахыг зорьсон хэмээн онцолж хэлсэн юм.
Хүн болгоны зүрхэнд хоногшсон дууг хэн нь илүү сайн амьдруулсаныг уншигч та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ.
Б.Мөнхжаргал