Сэтгүүлчийн тэмдэглэлээс…
… Хулдаасан хувцасны хавиралдах чимээ холоос үүр түүрхэн сонсогдох. Төд удалгүй эмч нарын хоорондын яриа түргэсч, алхаа улам нэмэгдэх нь” Улаан бүс”-д аваарын дохио яаралтай хэрэг болсныг илтгэнэ. Хэн нэгэнд амьдрал, амьсгал хоёр зэрэг хэрэг болжээ.
Шөнө дунд хэдийнэ болсон ч энэ бүсэд өдөр шөнийн ялгаа гэж байхгүй. Цаг тутам мөч бүрт хүний амь нас хэмжигдэж буй. Тиймээс “Улаан бүс”-ийн дайчид унтах эрхгүй, амрах боломжгүй, зөвхөн өвчтөнүүдийнхөө биеийн аясаар л байдаг ажээ. Тэдний хамгийн том аврал бол амьсгалын аппарат. Тоо ширхэг нь бага ч гэсэн байгаагаа зөөсөөр, амьсгалуулсаар л харагдах. Аппаратаа өлхөөн чирээд явах эмч, сувилагч, асрагч нар дотор эрчүүд ерөөсөө харагдахгүй. Ганц хоёр эр хүн гал тогооны хуваарилалтад очсон бололтой хальт харагдсан.
Бусад бүх фронтод бүсгүйчүүд байна лээ. Эдгээр бүсгүйчүүд маань Улаан бүсэд 21 хоног ажиллаад гэр рүүгээ явдаг аж. Манай тасгийн эмч гэж дөнгөж сургууль төгссөн болов уу гэмээр жоохон охин байх. Өөрийнх нь үеийн гэмээр сувилагч, асрагчтай. Энэ гурав маань ургах нарнаас эхлээд үдшийн бүрий хүртэл халдвар авсан хүмүүсийнхээ эмчилгээг нэг бүрчлэн нямбайлан хийх ажээ. Ерөнхийдөө гаршчихсан. Гар утсаа гялгар уутаар нямбайлан боогоод өвчтөнүүдийнхээ эмчилгээг хэлэх юм. Ажилтай байх үедээ халдвар аваад давхар тариа дуслаа залгуулаад л яваа гэж инээлдэх. Бид хэвтээд өгвөл та нар чинь балрах юм байгаа биз дээ гэх. Үнэндээ та нар байхгүй бол бид жинхнээсээ баларна. Залуухан эрч хүчтэй охид маань гэрээ л их санадаг тухайгаа ярьж байсан.
Одоо гурав хоногийн дараа харина даа. Энэ нь яг л цэргээс халагдах гэж байгаа эрчүүд шиг санагдсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ковидоос болоод их ачаалалтай ажилласан хэцүү байсан ч аварсан хүний тоо олон болохоор сайхан санагдаж байгаа гэдгээ ч хэлж амжина лээ. Тэдэнд юу саад болдог вэ?
ДЭЛГҮҮР ОРЬЁ, ТАМХИ ТАТЬЯ
Би “Улаан бүс”-д 20 гаруй хонож байна. Өрхийн эмчийн хяналтад халдвар авсан иргэдийн асуудлыг шийддэг аж. Хүн нь хүндэрсэн тохиолдолд Тандалтын багийнханд албан ёсоор мэдэгдэж тэд өвчтөнөө зөөвөрлөн хүргэдэг байна. Нэг удаагийн зөөлтөөр зургаан өвчтөнг нэг машинд багтаана. Ингэхдээ халдвар хамгаалалтын дэглэмийг сахиж шууд “Улаан бүс” рүү оруулна. Намайг очсон өдөр бараг 70 гаруй хүн ирсэн. Эдгээр хүмүүсийг МҮИС-ийн дотуур байранд байршуулсан. Өнөө хэл ам дагуулсан сургуулийн байр л даа. Гэхдээ миний бодлоор энэ байр маш олон хүний аминд орсон шүү. Амьсгаа нь давхцаад үхэл амьдралын зааг дээр ирж байгаа хүмүүст энэ байр зүгээр диваажин мэт санагдсан. Үүдний өрөө жаахан хүйтэн ч дээд өрөөнүүд нь тохилог сайхан дулаахан юм. Цар тахлын хүнд үед, өвлийн хүйт даасан цагаар тосоод авах байртай байна гэдэг чамлахаар зүйл биш шүү. За ингээд Улаан бүсд орсон бол дүрмийг дагах ёстой. Тэгсэн ингэлээ.
Нэг хүүхэдтэй 30 гаруй насны эмэгтэй оронгуутаа хамгаалалтын ахаас, дэлгүүр ормоор байна, юмаа дутуу авчихаж гэж авдаг юм даа. Хамгаалалтын хүн хэлж байна. Энэ бол Улаан бүс. Гарч болохгүй, орж болохгүй гэв. Тэгсэн өнөө эмэгтэй цаашаа уурлаад л амандаа үглээд л. Төд удалгүй 40 гаруй насны нэг эрэгтэй ингээд зүгээр хүлээж байхаар үүдэнд тамхиа татчихаад ороод ирье гэсэн. Үнэндээ ийм хүмүүст хэлэх үг олдохгүй юм билээ. Эмнэлгийн ажилчид үүнтэй нь эвлэрээд таг дуугүй мөрөө хавчаад явна лээ. Энэ хоёр кэйсийн хувьд байнга болдог учраас онцлон орууллаа. Бид хэний өмнөөс өвдсөн бэ, хэзээ хариуцлагатай байх вэ, хэн нэгнийхээ ажлыг хэзээ хүндэлж сурах вэ гээд өвчний хажуугаар зөндөө л асуулт урган гарч байна даа..
Үргэлжлэл бий…
Сэтгүүлч В. Сарантуяа
2021.11.03