УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ анхан болон давж заалдах шатны шүүхээс ял сонсоод байна. Түүний үйлдсэн байж болзошгүй гэмт хэрэг болон мөрдөн байцаалтын явцад хэрхэн тайлбар өгсөн талаар бид дэлгэрэнгүй хүргэж байна.
З.Баянсэлэнгэ гэж хэн бэ?
Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Монгол Ардын Хувьсгалт Намын Сонгинохайрхан дүүргийн Түмтийн дарга ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг .. дугаар хороо ..-.. тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүрэг .. дугаар хороо .. тоотод түр оршин сууж байгаа.
2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар /268.1. – Хээл хахууль авах/ хэрэг бүртгэгч хийх эрхийг 2 жил хасч, 3 жилийн хорих ял оногдуулсаныг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан.
2012 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлийн 245.1-д /245.1-Хэрэг бүртгэлт,мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулах/ заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн.
З.Баянсэлэнгэ ямар гэмт хэрэгт холбогдов?
З.Баянсэлэнгэ нь Монгол улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд ажиллаж байхдаа тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Б-тай урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрийдлээр “Бэрэн групп” ХХК-ийн “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-д хамрагдсан Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо 7 дугаар хороололд баригдаж байсан ашиглалтад ороогүй “Хангай хотхон”-ы нийт 7975.36 м2 талбай бүхий 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд хамруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх тухай танилцуулгыг Монгол улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаартай тогтоолоор баталсан “түрээсийн орон сууц” хөтөлбөрийн 4 дүгээр зүйлийн 4.3.1 дэх хэсэг /улсын төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр түрээсийн орон сууцны барилга захиалж бариулах, эсхүл шинээр ашиглалтад орсон боловч зах зээл дээр борлогдоогүй орон сууцнаас худалдан авах замаар төрийн өмчийн түрээсийн 1300 айлын сан бүрдүүлэх/, мөн Монгол улсын Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 3 дугаартай тогтоолоор батлагдсан “Монгол улсын Засгийн газрын хуралдааны журмын
- 6.1 дүгээр зүйл: хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохих тооцоо, судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай боловсруулж холбогдох материалын хамт тухайн асуудлыг хэлэлцэхээс 7-гоос доошгүй өдрийн өмнө сайдын /түүний эзгүйд дэд сайдын/ гарын үсэгтэй албан бичгээр Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ,
- 6.4 дүгээр зүйл: Хэрэг эрхлэх газар нь хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлын үндэслэл, тооцоо, судалгаа, уг шийдвэрийн төсөл нь тухайн асуудлаар өмнө нь гарсан шийдвэртэй болон хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг үзнэ. Хэрэв боловсруулалт нь шаардлага хангаагүй буюу хууль тогтоомж, Засгийн газрын бусад шийдвэртэй нийцээгүй, эсхүл зөрчилдсөн буюу давхардсан гэж үзвэл тодорхой үндэслэл, тайлбарыг гарган материалыг буцаана,
- 6.5 дугаар зүйл: Хуралдаанд хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлыг Хэрэг эрхлэх газарт хянан үзээд зохих хууль тогтоомж, бодлогод нийцүүлэх, найруулгын засвар хийх зэрэг өөрчлөлт оруулах шаардлагатай бол энэ тухай уг асуудлыг оруулсан Засгийн газрын гишүүнд танилцуулна.
- 7.2 дугаар зүйл: Хуралдааны бэлтгэл хангах Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга хуралдаанд оруулах асуудлын төлөвлөгөө болон материалыг хянан үзээд Хэрэг эрхлэх газрын даргатай эцэслэн тохирсны дараа Ерөнхий сайдад танилцуулж хэлэлцэх асуудлын дарааллыг тогтооно.
- 7.8 дугаар зүйл: Засгийн газрын гишүүн нь хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй боловч хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзсэн асуудлыг үндэслэл, тооцоо, судалгаа, шийдвэрийн төсөл, холбогдох бусад материалын хамтаар Хэрэг эрхлэх газрын даргад урьдчилан танилцуулна.
Хэрэг эрхлэх газрын дарга материалтай танилцаад бэлтгэл хангагдсан гэж үзсэн асуудлыг Ерөнхий сайдад танилцуулсны үндсэн дээр хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөнд нэмж оруулна гэж заасныг тус тус зөрчиж Засгийн газрын хуралдаанд оруулж Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нийслэлийн орон сууцны 7 дугаар хороололд баригдаж байсан “Бэрэн групп” ХХК-ийн 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд худалдан авах арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд З.Б-д зөвшөөрч, худалдан авсан орон сууцны үнэ болох 15 тэрбум төгрөгийг 2017 оны улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд З.Б, Сангийн сайд Б.Б нарт даалгах тухай 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №298 дугаартай тогтоолыг батлуулсан. Улмаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан М.Б-гийн үүрэг гүйцэтгэх хугацаа дуусгавар болсон байхад 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.М-тэй худалдах, худалдан авах гэрээг байгуулах талаар үүрэг чиглэл өгч гэрээг байгуулж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т /Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөө заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ” гэж заасныг зөрчин, хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулахгүйгээр албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсөвт 972.448.955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан хэрэгт холбогдсон байна.
УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэтэй хамт “Бечура” ХХК-ийн захирал М.Б /48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй/ шалгагдсан байна.
Түүний энэ үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2. – Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн байна.
Энэ хэргийн анхан шатны шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 08-р сарын 21-нд болсон юм.
Шүүхийн хэлэлцүүлэгт З.Баянсэлэнгэ юу хэлэв?
Би ямар асуудалд шалгагдаад өнөөдөр яагаад ингээд зогсож байгааг мэдэхгүй байна. Засгийн газрын тогтоол нь хууль зөрчсөн эсэх, эсхүл Засгийн газрын хуралдааны үйл явц хууль зөрчсөн юм уу гэдгийг тодруулах хэрэгтэй. Засгийн газрын хуралдаанд төсөл оруулж болохгүй гэсэн хууль байхгүй. Ерөнхий сайд хэлэлцэх асуудлын дарааллыг батлуулдаг, Ерөнхий сайд огт мэдэхгүй хуралдаанд оруулах асуудал гэж байхгүй. Намайг Засгийн газрын хуралдааны журам зөрчсөн гэдэг. Энэ журмыг зөрчсөн гээд эрүүгийн хэрэг үүсгэдэг гэх ойлголт байхгүй. Засгийн газрын хуралдаанд асуудлаа танилцуулж хэлэлцүүлээд Засгийн газрын хуралдаанаас тогтоол гарсан асуудал юм. Төсөл оруулсан, хуралдааны дэг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй, энэ үндэслэлээр буруутгах боломжгүй. Засгийн газрын тогтоол дээр Ерөнхий сайд болоод салбарын сайд хоёулаа гарын үсэг зурдаг. Ийм байхад би албан тушаалын хувьд доогуур хүн мөртлөө арай хүнд зүйл ангиар яллагдах гэж байгаагаа ойлгохгүй байна. Мөн Ерөнхий сайдаас илүү эрх хэмжээ эдэлсэн гэж үзсэнийг ойлгохгүй байна. Намайг гүтгэж хэрэгт холбогдуулах гэж байна гэж үзэж байна. Намайг их олон асуудлаар шалгасан, шалгасан асуудал нь тогтоогдоогүй болохоор хамгийн сүүлийн аргаа хэрэглэж Төрийн нарийн бичгийн даргыг надтай холбож энэ хэрэгт хамааруулсан, хохирол гэж нэг зүйлийг гаргаж ирсэн. Б гэрчийн мэдүүлэгтээ Сангийн яамны шийдвэргүйгээр мөнгөний асуудал шийдэгдэхгүй гэсэн байгаа. С-н мэдүүлэгт Засгийн газрын хуралдаанд асуудлыг шууд оруулсан гэжээ. Бидэнд Засгийн газарт аливаа асуудлыг шууд оруулах боломж байхгүй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраар дамжих ёстой. Мөн С-н мэдүүлэгт зарчмын өөрчлөлт орохгүй ч гэсэн редакцын өөрчлөлт орж болно гэснийг анхаарах хэрэгтэй. Нямдэлгэрийн мэдүүлэгт Барилга, хот байгуулалтын яамны мэргэжилтэн Э нь төслийг боловсруулахдаа хоёр өөр хувилбараар боловсруулсан гэж мэдүүлсэн байна. М-н мэдүүлэгт м2 үнэ тодорхой байх шаардлагатай, байр ашиглалтад орсон эсэх гээд тэмдэглээд үлдээсэн байгаа, энэ тодруулах асуудал байсан юм бол Засгийн газрын хуралдаан дээр энэ талаар асууж тодруулахгүй яасан юм бэ? Үнэлгээ тогтоосон дүгнэлтийг зөвшөөрөхгүй, хувийн үнэлгээний байгууллага Засгийн газрын тогтоолд дүгнэлт хийх боломжгүй. Аудитын байгууллага гэж байдаг, энэ байгууллагаар дүгнэлт гаргуулах ёстой байсан. Гэрч нар айдастай мэдүүлэг өгсөн, мөрдөн байцаалтын явцад гэрч нарыг айлгасан, дарамталсан байдлаар мэдүүлэг авсан, дандаа миний эсрэг яллах нотлох баримт цуглуулсан. Би Засгийн газрын хуралдаанд төсөл оруулсан нь үнэн, төсөл алдаатай байсан байж болно. Гэхдээ би тэр төслийг Засгийн газрын гишүүдээр хүчээр айлган сүрдүүлж, мөнгө төгрөг өгч шийдүүлээгүй шүү. Нэгэнт Засгийн газрын тогтоол гарсан тул би тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Нэгэнт тогтоол гарсан тул гэрээ байгуулах шаардлага үүссэн тул би Төрийн нарийн бичгийн даргаараа орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ хэрэгт Б огт хамааралгүй тул надад л бурууг хүлээлгэчих.
Шүүхийн хэлэлцүүлэгт “Бечура” ХХК-ийн захирал М.Б юу хэлэв?
Би яагаад З.Б-тэй холбогдоод байгааг хэлье. 2008 онд Санхүүгийн зохицуулах хороо нь намайг мэргэшсэн эдийн засагч, нягтлан бодогч тул урьж ажилд оруулж байсан. 2015 оны 10 дугаар сард Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар орж байсан. Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр гүйцэтгэх талаар З.Б бид хоёрын дунд ярилцаж тохироод хийсэн асуудал биш, энэ асуудал Засгийн газрын хуралдаанаар шийдэгдсэн асуудал юм. 2016 оны 6 дугаар сарын 2-нд сайд Б гэрээ байгаа, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэгдсэн, хурдан гэрээ байгуул гэж хэлсэн. Би тэр өдөр л “Бэрэн групп”-ийн талаар сонссон. Би зөвхөн баталгаажуулсан гэсэн 1 хуудас дээр л гарын үсэг зурсан, бусад хуудсыг нь үзээгүй. Надаар Б гэдэг хүн гарын үсэг зуруулсан. Энэ өдөр би яагаад гарын үсэг зурсан бэ гэхээр хоёрны өглөө М ирсэн, гэхдээ тамга тэмдгээ 5-ны өдөр хүлээлгэн өгсөн тул энэ өдөр би Төрийн нарийн бичгийн даргын ажлаа М-д хүлээлгэн өгсөн гэж ойлгож байгаа. Тийм учраас би 2-ны өдөр хийх ёстой ажлаа, үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна. Би “Бэрэн групп” ХХКомпанийг туслан гүйцэтгэгч гэдгийг мэдээгүй, энэ компанитай холбоотой мөнгө төгрөг Сангийн яамаар дамжиж гардаг байсныг сүүлд мэдсэн. Намайг гэрээнд гарын үсэг зур гэж сайд үүрэг өгсөн тул гарын үсэг зурсан, бусад асуудлыг огт мэдэхгүй. “Бэрэн групп” компанийн хүмүүстэй уулзаж байгаагүй. Төрийн орон сууцны корпораци руу албан бичиг хүргүүлсэн асуудал яригдаж байна. Надад Ж.Б Төрийн орон сууцны корпораци руу явуулах бичиг гэж л үзүүлж гарын үсэг зуруулсан. Хэрэв 177 хүний жагсаалтыг надад үзүүлсэн бол юун учиртай хүмүүс вэ гэдэгт анхаарах байсан, би тэр хүмүүстэй уулзаж ярилцах байсан. Сайд үүрэг өгсөн тул би нэг хуудас баримт дээр гарын үсэг зурсан. Төрийн алба нь захирах, захирагдах зарчмаар явдаг тул сайдын өгсөн үүргийг л биелүүлсэн гэв.
Тэгвэл энэ хэргийн анхан шатны шүүхэд гэрчээр Монгол улсын Шадар сайд асан Ц.Оюунбаатар оролцжээ. Тэрбээр гэрчээр мэдүүлэхдээ: “2015-2016 оны Засгийн газарт би шадар сайдаар ажилласан бөгөөд олон асуудал шийдвэрлэсэн, үүний нэг нь түрээсийн орон сууцтай холбоотой асуудал юм. Мөрийн хөтөлбөрт тусгагдсан, хэд хэдэн удаа хэлэлцэгдсэн ч буцаж байсан. 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг оруулж хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд надад санал болгосон тул түрээсийн орон сууц хөтөлбөр яригдаж Засгийн газрын 298-р тогтоол гарч 223 өрх түрээсийн орон сууцанд орсон. Энд буруу байхгүй, Засгийн газар шийдвэрээ гаргасан, компаний нэрийг тогтоолдоо заасан, хөрөнгийн асуудлыг нь шийдвэрлэсэн. 298-р тогтоол нь Засгийн газрын хамтын шийдвэр, хэрэв буруу гарсан гэж үзвэл тэр үеийн Засгийн газрын сайд гишүүд бүгд л буруудах ёстой. Энэ тогтоолын хүрээнд түрээсийн байрыг Бэрэн компаниас авахаар Засгийн газрын тогтоолын нэгдүгээр заалтад заасан, санхүүжилтийн 15 тэрбум төгрөгийг Сангийн яам гаргах үүрэг болгосон заалттай” гэжээ.
Анхан шатны шүүхээс ямар ял оноов?
З.Б, Б овгийн М.Б нарыг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсын төсөвт 972.448.955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Тодруулбал, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар З.Б-г төрийн байгууллагад ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 /арван есөн сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, М.Б-г төрийн байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 /есөн сая долоон зуун ерэн хоёр мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн юм.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Орон сууц худалдан авсан 14.993.676.800 төгрөгийг “Бэрэн групп” ХХКомпанид 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн, Сангийн яам Хаан банкинд авсан векселээ 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бүрэн төлсөн, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2016/628 дугаартай актаар “Бэрэн групп” ХХК-ийн 360 айлын орон сууцны 3 блок, 514,515,517 дугаартай барилгын 223 айлын орон сууц ашиглалтад орсон бөгөөд орон сууц ашиглалтанд ороогүй хугацааны векселийн хүүд Сангийн яам 57.092.228 төгрөг төлсөн, “Хөрөнгө Эстимейт” ХХКомпанийн үнэлгээний тайлангаар 223 айлын орон сууц нь 14.078.320.073 төгрөгөөр үнэлэгдсэн тул үүний зөрүү болох 915.356.727 төгрөгийг 159 хоногийн векселийн хүү 57.092.228 төгрөгийн хамт, нийт 972.448.955 төгрөгийг “Бэрэн групп” ХХКомпаниас гаргуулж Сангийн яаманд олгох нь зүйтэй гэж үзжээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдэх үед 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 192.000 төгрөгөөр тооцон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан торгуулийн болон нэмэгдэл ял оногдуулахаар шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэнийг нотолж буй дээрх нотлох баримтуудаас:
“Бэрэн групп” ХХК-аас орон сууц худалдан авах асуудлыг Засгийн газарт танилцуулсан гэх нь шүүгдэгч нар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглан үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх үндэслэлгүй байх ба Засгийн газрын тухайн хуралдаанаар “Бэрэн групп” ХХК-аас орон сууц худалдан авах бүхий л ажиллагаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхийг огт хэлэлцээгүй, танилцуулагдаагүй, Засгийн газрын гишүүд тухайн хууль тогтоомж ноцтой зөрчигдсөн байгааг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан байх тул шүүхээс Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 298 дугаар тогтоолыг үнэлээгүй болно.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн ба шинжээч нь хэрэгт цугларсан дүгнэлт гаргахтай холбоотой бүхий л нотлох баримтуудыг хянан үзэж, нягтлан шалгаж, харьцуулан судалж, хууль ба эрх зүйн ухамсрыг удирдлага болгон дүгнэлт гаргасныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байх тул шинжээчийн үнэлгээний тайланг хууль бус, эргэлзээтэй тухай шүүгдэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан санал, дүгнэлтийг, мөн шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлсэн, тэдний өмгөөлөгч нар шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн эсэх нь тогтоогдоогүй тул З.Б, М.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгах, “Бэрэн групп” ХХКомпани хэн нэгэнд төлөх төлбөргүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох талаар дүгнэлт гаргасныг хүлээж авах боломжгүй гэж шүүх үзсэн.
Давж заалдах шатны шүүх хэргийг хэрхэн шийдэв?
Анхан шатны шүүхийн шийдвэртэй холбоотойгоор З.Баянсэлэнга давж заалдах шатны шүүхэд хандсан. Давж заалдах шатны шүүхийн шүүх хурал 2018 оны 11-р сарын 01-ны өдөр болсон.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шүүхээс:Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 719 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
– 1 дэх заалтад “… 972.448.955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан …” гэснийг “… 972.448.955 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан …” гэж,
– 2 дахь заалтад “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар З.Б-төрийн байгууллагад ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 төгрөгөөр торгох ялаар, М.Б-г төрийн байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар З.Б-төрийн байгууллагад ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 төгрөгөөр торгох ялаар, М.Б-г төрийн байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,
– 5 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Б г” ХХК-иас 972.448.955 төгрөгийг гаргуулан Сангийн яам /хохирогч Г.Ганбаяр/-нд олгосугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “шүүгдэгч З.Б-эс 28.546.114 төгрөг, М.Б-гаас 28.546.114 төгрөг, иргэний хариуцагч “Б г” ХХК-иас 915.356.727 төгрөг тус тус гаргуулан Монгол Улсын Сангийн яаманд олгосугай” гэж тус тус өөрчилсөн байна.
Өөрөөр хэлбэл Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бараг хэвээр нь үлдээсэн байна. Хэрвээ шүүх хуралд оролцогчдоос Улсын дээд шүүхэд хандахгүй бол Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийнх байх болно. Харин шүүх хуралд оролцогчид Улсын дээд шүүхэд хандах юм бол хэргийг УДШ-ээр хэлэлцэх болно. Өөрөөр хэлбэл УДШ эцэслэн шийдвэрлэх бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.