‘Гоёл-2020’ наадмын отгон Топ моделиор загвар өмсөгч Д.Долгион шалгарч байсан цаг тэртээ хоёр жилийн өмнө. Энэ жил 29 нас хүрч буй миссийн хувьд өөрийн цахим хуудсаа монгол үндэсний хувцастай зургаараар чимсэн байна.
Ойрын өдрүүдэд шинэ жилийн баярын хөтөлбөрүүдийн зураг авалтад идэвхитэй оролцож буй тэрээр маркетинг, хүний нөөцийн менежмент мэргэжилтэй. Мөн “Golden International beauty association” Монгол дахь захирлаар ажилладаг.
Түүний хувьд загварын тайзтай дунд сургуулийн сурагч байхаас нөхөрлөжээ. Японд хар нялхаасаа амьдарч, бага сургуулиа дүүргэн дунд сургуульд орсон хойноо Монголд ирж “Сакура” сургуулийн сурагч болсон охин загвар зохион бүтээгч болох мөрөөдөлтэй байж. Бас ч үгүй хэдэн тэмцээнд өөрийн урласан хувцсаар уралдаад үзчихсэн нь мөрөөдлөө бодитой болгох их хүсэл тэмүүллийг өгчээ.
Зав л гарвал элдэв янзын загвар зурж, бас оёж шидэж суудаг байсан охин есдүгээр ангид байхдаа үсчин, гоо сайханчийн тэмцээнд оролцох найздаа туслахаар анх удаа модель болж.
Анхны тэмцээнээсээ шилдгээр тодорч шагнал авсан Долгионд загварын ертөнц сонирхолтой санагдсан гэдэг. Тэгээд ч найз нөхөд нь ятгаснаар загварын агентлагийн хаалга татах зориг хүчийг өгсөн гэнэ.
Улмаар “Эра” төвөөр овоглон загварын тайзнаа ур чадвараа сорьж эхэлсэн Долгион “New face”-д түрүүлж, “Мода Арт” тэмцээний шилдэг 15-д багтан, “ТВ мисс” тэмцээний үндэсний ялагч болж нэг үгээр загвар өмсөгчийн карьераа тун ч эрчтэй эхэлсэн. Тэрээр спортод ч чамгүй одтой нэгэн. Багадаа гимнастикаар хичээллэж, Японд амьдарч байхдаа усанд сэлэлтийн сургуульд сурч байжээ.
Монголд ирээд Усан спорт сургалтын төвд дасгал сургуулилалтаа үргэлжлүүлэн 2000 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн түүх түүнд бий.