Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаар боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, Үер, үерийн улмаас эвдэрсэн зам, замын байгууламжийн эвдрэл гэмтэл, сэргээн засварлалт, арчлалт, үерийн улмаас үүссэн нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлсэн ажил, цаашид анхаарах асуудал зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэв.
2018 ОНД 18 ЦЭЦЭРЛЭГ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРНО
2018-2019 оны хичээлийн жилд улсын төсвийн хөрөнгөөр нийслэлд 42 шинэ цэцэрлэг, 10 цэцэрлэгийн өргөтгөл, 10 шинэ сургууль, 24 сургуулийн өргөтгөл, гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил, таван спорт заал шинээр барих ажлууд хийгдэж байна. Мөн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд таван шинэ цэцэрлэг, 17 цэцэрлэгийн өргөтгөл, хоёр шинэ сургууль, долоон сургуулийн өргөтгөл, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хоёр шинэ сургууль, хоёр сургуулийн өргөтгөл, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар долоон шинэ сургуулийн барилга баригдах юм. 2018-2019 оны хичээлийн шинэ жилд нийслэлд нийтдээ 57 сургууль, 77 цэцэрлэгийн барилгыг шинээр барих буюу өргөтгөж байгаа аж..
“Энэ онд нийслэлийн хэмжээнд 18 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Эхний таван цэцэрлэг ашиглалтад орсон байгаа. Тав нь хичээлийн шинэ жилээс өмнө ашиглалтад орно. Үлдсэн найм нь энэ ондоо багтааж үүдээ нээнэ. Мөн энэ онд сургууль, цэцэрлэгт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болоод бусад санхүүгийн эх үүсвэрээр 10.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 84 их засвар, тохижилтын ажил хийгдэж байна” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа танилцуулав.
Мөн шинээр сургууль, цэцэрлэг барихаар 39 байршил тусгагдсан. Нийслэлийн Газрын албанаас 33 байршилд газар чөлөөлөх ажлыг нөхөн олговортойгоор хийж байгаа юм. Энэ байршлууд дээр газар чөлөөлөхөд 135 иргэн, нэг аж ахуй нэгжид 7.6 тэрбум төгрөг нөхөн олговор олгожээ. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт 90 хувьтай байна гэж нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа мэдээллээ.
Үүний дараа нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нийслэлийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, элсэлтийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар танилцуулга хийв. “Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 222, төрийн бус өмчийн 450 цэцэрлэгт 114250 хүүхэд хамруулах тооцоо байна. Төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Төрийн өмчийн сургуулиудын хувьд нэгдүгээр ангид суралцах хүүхдүүдийн бүртгэл энэ сарын 20-30-ны хооронд сургууль дээрээ явагдана” гэв.
Хотын дарга төрийн бус өмчийн цэцэрлэг ажиллуулах хүсэлт ирүүлсэн газруудад яаралтай зөвшөөрөл олгох хэрэгтэй. Энэ нь цэцэрлэгийн ачааллыг бууруулах том ажил болно. Мөн сургууль цэцэрлэгийн урсгал засварын ажлуудыг энэ сарын 25-ны дотор бүрэн дуусгах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгийн барилга барих газар чөлөөлөлтийг наймдугаар сарын 15-ны дотор дуусгах хэрэгтэй хэмээн холбогдох албаныханд үүрэг болгов.
С.БАТБОЛД: ТУУЛ ГОЛ ДАГУУ ОЛГОГДСОН ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХ ШААРДЛАГАТАЙ
Үерийн улмаас үүссэн нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн сард усархаг аадар бороо орсны улмаас Баянзүрх, Налайх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт иргэд усанд боогдсон, айл өрхүүдийн гэр, хашаа байшин, авто зам, орон сууцны орц, зоорийн давхар, автомашины зогсоол усанд автсан, хөрсний ус нэвчсэн зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн.
Иргэд, ААН-ээс үер, усны нийт 257 удаагийн дуудлага иржээ. Холбогдох байгууллагууд хамтран аврах, хор уршгийг арилгах ажиллагааг зохион байгуулж, 187 иргэнийг авран хамгаалсан байна. Мөн ус ихээр тогтдог 10 байршилд ус зайлуулах шугам сүлжээг хийх, 50 байршилд үерийн далан, сувгийн цэвэрлэгээ хийсэн байна. Мөн үерийн хамгаалалтын барилга, байгууламж дээр журам зөрчиж контеэнер байршуулсан иргэн, ААН-д албан шаардлага өгч, 10 контейнер албадан нүүлгэж, дөрвөн зориулалтын бус явган гүүрийг буулгажээ.
“Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сургийлэх зорилгоор эрсдэлтэй бүсэд суурьшсан 592 өрхөд яаралтай нүүх тухай хугацаатай албан шаардлага мэдэгдлийг өгсөн. Таван айл, нэг ААН-ийг албадан нүүлгэсэн.
Цаашид үер, усны хор уршгийг арилгахад нэн шаардлагатай байгаа багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн зардлыг шийдвэрлэх, үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй суурьшсан айл өрх, ААн-ийг албадан нүүлгэх, Авто зам, замын байгууламжийн үерт эвдэрсэн хэсгүүдийн судалгааг гаргах, ус зайлуулах барилга байгууламж шинээр бий болгож, өргөтгөх, дүүргүүд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийг удирдлага, зохицуулалтаар хангах, Үерийн дараа ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байх хэрэгтэй байна” хэмээн УБЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн онцлов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Бид төсөв мөнгөний болоцооноосоо хамааран жил бүр нийслэл дэх үерийн далан сувгуудыг шинэчлэн засварлаж байгаа. Үүнийг дахин илүү хөрөнгө зарцуулж, засварлан шинэчлэх асуудлыг ярина. 1960-аад оны үед баригдсан Туул голын дагуу үерийн даланг шинэчлэх асуудлыг зайлшгүй яригдаж байна. Энэ даланг шинэчлэх зураг, төслийг яаралтай гаргах хэрэгтэй. Мөн Туул голын хамгаалалтын зурвасыг маш сайн баримтлах хэрэгтэй. Холбогдох яамтай ярилцаад, Туул гол дагуу олгогдсон газруудын эрхийг цуцалж, дахин барилга бариулахгүй байх тал дээр онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай” хэмээв.
Мөн ирэх жилийн нийслэлийн төсөвт ус соруулах шинэ техник, тоног төхөөрөмжийн зардлыг тусгаж өгнө гэдгийг онцлов.
ДАРЬ-ЭХИЙН ЗАМ, МОНЕЛИЙН УУЛЗВАРЫН ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ УДАХГҮЙ ЭХЭЛНЭ
Өнгөрсөн сард орсон усархаг борооны улмаас зарим замууд дээр эвдрэл гарсан. Нийслэлийн хэмжээнд 86 гудамж замын эвдрэл гэмтлийн судалгаа гаргаад, засварын ажлыг эхлүүлээд байгаа аж. Зам засварлахад шаардлагатай нэг тэрбум орчим төгрөгийг нийслэлээс шийдвэрлэсэн байна.
Монелийн уулзвар дахь авто замын үерийн ус зайлуулах хоолойг таглаж зөвшөөрөлгүй иргэн, аж ахуйн нэгж бууснаас болж тус бүсийн авто зам эвдэрч, ихээхэн хохирол учирчээ. Мөн гадна тойруугийн зам Дарь-Эхийн уулзвараас ганц худаг, Цагаан даваа чиглэлийн авто замын үерийн даланг хааж айл өрхүүд бууснаас зам эвдэрчээ. Үүнийг түргэн засварлах, нийслэлийн Газрын албатай хамтран зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэхийг хотын дарга үүрэг болгов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Цаашдаа замын жижиг эвдрэл, гэр хорооллын дундах зам, суваг шуудууг засахад дүүргүүд дэргэдээ жижиг шуурхай засварын бригад ажиллуулах хэрэгтэй. Үүнийг дүүргийн Засаг дарга нартай ярилцаад шийдэх шаардлагатай байна.
Зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдийг нүүлгэх ажил удаашралтай байна. Хэрвээ зөвшөөрөлгүй, үерийн эрсдэлт бүсэд буусан айл өрх байвал албадан нүүлгэнэ. Төр иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалах үүрэгтэй. Дахин усархаг бороо орж, үер болохгүй гэсэн баталгаа байхгүй. Айл өрхүүдийг зүгээр албадан хөөж, нүүлгэх бус дүүргийн Засаг дарга нартай нь тохиролцоод эргээд буулгах газрыг тохиролцох хэрэгтэй.
Мөн нийслэлийн Авто замын хөгжлийн газрынхан авто зам дээр хаана нь илүү эрсдэлт нөхцөл байдал үүсээд байгааг гаргаж, усны гаргалгаа, далан хийх ёстой байгаа газруудын судалгааг гаргаад 2019 оны төсөвт суулгах хэрэгтэй” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.