Хоёр хоногийн өмнө МАН шинэ даргатай болж, сүр дуулиантайгаар зарласан. Тэд энэ удаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дараагийн намын даргаараа сонгож, намынхаа цаашдын амжилт ололт, ирээдүйг шийдүүлэхэр 99.7 хувийн саналаар дэмжсэн.
Уг нь дүрэм ёсоор МАН-ын өнөөгийн Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан намын дарга болох учиртай байв. Хэзээнээс намынхандаа үнэлэгддэг тэрээр өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиудад намаа ялуулахад том үүрэг гүйцэтгэж арын албанд зүтгэсэн.
Түүнийг өмнөх Засгийн газрын үед одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайдын суудал санал болгосон ч татгалзсан. Энэ Засгийн газрын үед ч Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсныхоо дараа дуртай сайдынхаа суудлыг ав гэхэд мань хүн татгалзсан гэдэг. Өнгөрсөн хоёр өдөр болсон МАН-ын Их хурлаар намын даргын асуудал яригдахад мөн л ах захаа бодож Л.Оюун-Эрдэнийг дэмжсэн. Үнэн хэрэгтээ, тэднийг энэ цагийн МАН-ын үе тэнгийн “өрсөлдөгчид” гэж харах хүн олон. Харин ямар учраас Л.Оюун-Эрдэнийг ийнхүү дэмжиж буйд гайхах хүн олон.
Тэдний хувьд насны зөрүү нэг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 1980 оны бичин жилд төрсөн бол, МАН-ын генсик Д.Амарбаясгалан 1981 оны тахиа жилтэй. Магадгүй энэ цагийн сайн стратегич гэгддэг Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнэд “цаасан малгай” өмсгөж, “дэвшүүлэн зайлуулах” замаар 2024 оны сонгуулиар улс төрөөс “арчиж хаях” төлөвлөгөөтэй ч ард нь сугарч үлдэж буйг хэн мэдлээ. Бүхнийг цаг хугацаа л харуулна.

