Төрийн албан тушаалыг зарахыг завдсан үйлдлээрээ “60 тэрбумынхан” хэмээн нэрлэгдсэн тэд улсын тусгай хэрэгцээний газар буюу улсын хилийн зурваст дархлагдаж, хэн ч хөндөж чадаагүй өдий хүрсэн баялгийг хэрхэн хууль баталж, өөрийн болгосон түүхийг дэлгэж байна.
“60 тэрбум”-ын бүлэглэл 2016 онд хилийн тухай хууль баталж, уг хуулиар “хилийн зурвас”-т үйл ажиллагаа явуулах эрхийг Засгийн газарт олгосон. Дараа нь өөрсдөө энд ашиглалтын лиценз авсан. Өнөөдөр ухаж байна.
Алхам-1. УИХ-ын дарга М.Энхболд 2016 онд “Хилийн тухай хууль”-ийг батлахдаа хилийн зурваст газар ашиглах эрхийг Засгийн газарт олгосон
Алхам-2 Тухайн үед Засгийн газрын тэргүүн нь түүний хамаатан гэгддэг Ж.Эрдэнэбат байсан. Энэ үед хилийн зурваст ашиглалтын лиценз авах ажлыг гүйцэтгэжээ.
Алхам-3 Ж.Эрдэнэбатыг огцорноос хойш сар хүрэхгүйн хугацааны дотор 2017.09.29 нд “Меланж” компани Дорнод аймгийн Баянтүмэн сум дахь улсын хилийн зурваст ашиглалтын лиценз авчээ.
Алхам-4 Өнөөдөр буюу 2021 оны 12 сараас хилийн зурваст нүүрс олборлож эхэлсэн “Меланж ” компаний ард 60 тэрбумынхан хүчээ нэгтгэжээ.
….. Насантогтохын Болортамир гэх ганц хүний нэр дээрхи “Меланж” компаний “нууц эзэд“ нь 60 тэрбумынхан болох нь туслан гүйцэтгэгч компаниудаар нь нотлогдож байна. Хил дээр олборлолт явуулахаар Өмнөговийн Тавантолгой, Төв аймгийн Заамар,Хэнтийн Бор- Өндөр зэрэг газруудаас 300-аад том оврын техник хэрэгслүүдийг татан авчирчээ. Сураггүй компани ийм том хөдөлж чадах уу?
1. “Меланж” компаний бүх үйл ажиллагааг “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийн хүмүүс зохицуулж байна. Х.Бат-Эрдэнэ нь МАН-ын дарга асан М.Энхболд, Т.Бадамжунай нарын фракцийн гол гүйцэтгэгч. Хотын төвд баригдсан томоохон барилга, орон сууцнуудтай тэдний нэр холбогддог. Хамгийн сүүлд Ж.Эрдэнэбат нь Ерөнхий сайд байхдаа төрсөн дүүдээ лиценз шилжүүлсэн хэргээр ял авахад Х.Бат-Эрдэнэ мөн л холбогдсон. Ж.Эрдэнэбатын хувийн компануд Х.Бат-Эрдэнэ,Т.Бадамжунай нарын нэр дээрхи оффист үйл ажиллагаа явуулдаг. Бизнес түрийвч нэгтэй нь олон зүйлээр нотлогдно.
2. Туслан гүйцэтгэгч компаний дүрээр УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг түүний “Хөгжлийн банкны 33 тэрбумын бүлэглэл ” энд оржээ. Хассуурийн Ганхуягийн төрсөн дүү Хассуурийн Хашчимэгийн “Вертекс майнинг партнерс” компани энд хөрс хуулж байна. Энэ компаниар дамжуулан Хөгжлийн банкнаас УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Амартүвшин нар 33 тэрбумын зээл авсан хэрэгт холбогдож байсан билээ. УИХ-ын гишүүн Г.Дамдинням нь нэгэн үе “Вертекс майнинг партнерс” компаний хувьцааг эзэмшиж байгаад хэл ам гарсны дараа бүртгэлээ өөрчилжээ. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нь Т.Бадамжунайтай мөн л олон жил нэр холбогдож явж иржээ.
3. Мөн туслан гүйцэтгэгчийн өөр нэг дүрээр Барилга хот байгуулалтын дэд сайд асан асан Ш.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин групп” -ын охин компаниуд оржээ. Ш.Лхамсүрэн нь Төв аймгийн Заамар суманд “Мондулаан”, Булган аймгийн Бүрэгхангайд “Нүүдэлчин айрон ресорс” компаниараа олборлолт хийдэг. М. Энхболдын хотын фракцид хамрагдаж, морь малаараа түүнтэй ойр нөхөрлөдөг Ш.Лхамсүрэн нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байгаад дараа нь ЖДҮ-ээс зээл авсан хэргээр У.Хүрэлсүхийн үед албан тушаалаасаа огцорч байсан билээ.
4. Өнөөдрийн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөх, УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр нь хожим Ш.Лхамсүрэнгийн хүргэн болсон. Ш.Лхамсүрэнгийн төрсөн эгчтэй сууснаар Ё.Отгонбаяр “Нүүдэлчин групп”, “Мондулаан”зэрэг компаниудын тодорхой хувийг эзэмшдэг болсныг хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж болно. Ё.Отгонбаяр АНУ-д суух элчингээс ирэнгүүтээ МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болсон нь дээрхи уурхайгаа ЗГ-ын түвшинд хамгаалах далд бодлого ажээ.
Улсын хилийн зурвас гэдэг хэн дуртай нь лиценз авч, олборлох нь байтугай иргэн хүн хөл тавих эрхгүйгээр тусгай журам мөрддөг онцгой газар. Хуулиараа улсын хилээс дотогш 15 км газрыг “хилийн зурвас” гэнэ.Иргэн хүн энэ газарт заавал хил хамгаалах газраас зөвшөөрөл авч нэвтэрдэг, газар эзэмших, өмчлөх, газар хагалах, айл нутаглах, хариулагагүй мал байлгахыг ч хориглодог. Иймээс хилийн зурвас нь улсын тусгай хэрэгцээний газар гэсэн статустай явж иржээ. Газрын тухай хуулиар хилийн зурвас газрын асуудлыг уг нь УИХ шийддэг байжээ. Гэтэл 2016.12.28-нд / шинэ жилээр/ баталсан “Хилийн тухай хууль”-ийн “26.2.2-т улсын хилийн зурваст газар ашиглах асуудлыг Засгийн газар шийднэ” гэх заалт оруулснаар 60 тэрбумынхан энд лиценз авсан юм. Хилийн тухай хуулийг баталсан 2016 онд Хил хамгаалах ерөнхий газрын дарга байж, дээрхи хуулийг өөрчлөхөд оролцсон хүмүүсийн нэг генерал Ц.Сэргэлэн 2020 онд Дорнод аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон нь ч анхаарал татна. Дорнод бол Монгол улсын хамгийн үржил шимт хар шороон хөрстэй. Ирээдүйд цөлжилт, хүнс, бэлчээрийн хомсдол нүүрлэхэд хадгалж үлдэх ёстой “Монголын үүц” болсон нутаг билээ. Тэгээд ч тэнд улсын тусгай хэрэгцээнд хадгалж ирсэн баялгийг Монголын ард түмэнд хүртээлгүйгээр дахиад 30 гэр бүл хувааж идэх нь яавч шударга ёсонд нийцэхгүй.
Хуулиар нь бүлэглэн хулгайлна гэж энэ л дээ. Одоо бид шинэ жилдэж, ууж идэж явах хойгуур УИХ маань ямар хууль баталж, юу хулгайлсныг бид өнөөдрийнх шиг 5 жилийн дараа л мэдэх биз!!!
Сэтгүүлч Б.Отгон 2021.12.27