“Байгальд ээлтэй тээвэр” олон улсын хурал албан ёсоор эхэллээ. Хурлыг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд үг хэллээ.
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө
Намрын дунд сарын билэгт сайхан энэ өдөр Монгол Улсыг зорин Азийн бүсийн орнуудын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр-2018” олон улсын чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн хүндэт зочид та бүхэн удахгүй 379 жилийнхээ ойтой золгох Улаанбаатар хотод тавтай морилно уу.
Монголчууд бид өвөг дээдээсээ өгсүүлээд өнөө үе нь хүртэл байгаль эхийг шүтэн барилдалгаанд итгэж, сар өдрийн сайныг шинжиж, аливаа арга хэмжээг зохион байгуулж ирсэн түүхтэй. Уламжлал, ёс заншлаараа байгаль дэлхийгээ дээдэлдэг ард түмэн билээ. Тиймээс ийм билэгт өдрийн нэг буюу намрын дунд сарын Балжиннямтай нар гийсэн дулаахан өдөр байгаль орчноо хамгаалах, хот төлөвлөлтийг шинэчлэх, цаг уурын өөрчлөлт болон экосистемийн асуудлыг хөндөх гэж байгаад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хувьд баяртай байна. Нөгөө талаас Азийн бүс нутгийн орнууд нэг амь, нэг сэтгэл, нэг бодлогыг байгаль орчин, ногоон хөгжилд хэрэгжүүлж чадна. Дөрвөн сарын өмнө Зүүн хойд Азийн хотуудын дарга нар “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн хүрээнд тухайн хотууддаа хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, сайн туршлагаа хуваалцсан, байгаль орчин, экологийн асуудлуудыг хөндсөн уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, Ази тивийн 18 хотын дарга оролцсон юм. Хот төлөвлөлт, агаарын бохирдлыг бууруулах, шилдэг инноваци, технологийг нэвтрүүлэх, цөлжилт, төвлөрлийг сааруулах чиглэлээр тулгамдсан асуудал адилхан байна. Өөрөөр хэлбэл, бидний өнөөдрийн хөндөх сэдэв ч нэг хотын биш, нийт тивийн зовлон, шийдэл хүлээсэн асуудал болоод байгаа билээ.
Үүнээс гарах арга замаа тодорхойлох энэхүү чухал хуралдааныг Нэгдсэн Үндэсний байгууллагын бүсийн хөгжлийн төвтэй Азийн бүсийн орнуудын Засгийн газар хооронд хамтран “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулганыг 11 дэх удаагийн хуралдаанаа Монгол улсад, тэр тусмаа манай хотод хийж байгаад дахин талархал илэрхийлье.
Тогтвортой хот төлөвлөлт, хот байгуулалтад Байгаль орчинд ээлтэй тээврийн гүйцэтгэх үүрэг сэдвийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэлхий нийтийн зорилгод бүс нутгийн төдийгүй хотуудын оруулах хувь нэмрийг хэрэгжүүлэхэд онцгой үүрэг, нөлөө бүхий түншлэл, хамтын ажиллагаа, технологи дамжуулалтын суурь энэ чуулга уулзалтаар тавигдана гэдэгт итгэлтэй байна.
Ялангуяа төвлөрлийг саруулах, дагуул хот, шинэ төвүүдийг байгуулах, автомашины түгжрэлийг бууруулах чиглэлээр шат дараалсан ажлуудыг эхлүүлж байгаа Нийслэлийн Засаг даргын зүгээс энэ чуулга уулзалт бидэнд “Шинэ санаачилга, шинэ технологи, шинэ тээврийн бодлого” үлдээнэ гэж үзэж байгаа юм.
Чуулга уулзалтад өндөр ач холбогдол өгч, Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, төлөөлөгч та бүхэндээ талархаж байгаагаа дахин илэрхийлж, олон улсын хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэе.
Баярлалаа.