Бүс нутгийн хөгжлийн дэмжих, хотын төвлөрлийг сааруулах, хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах хүрээнд төвийн бүсийн Төв, Сэлэнгэ, Булган, Дархан, Эрдэнэт хотуудтай “Хөгжлийн алтан гурвалжин бодлого”-ыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд санаачлан хэрэгжүүлж байгаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатарын өдөр” арга хэмжээг Төв аймгийн Зуунмод хотод зохион байгуулж, ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа.
Улаанбаатар хотыг хөгжүүлэх урт хугацааны төлөвлөгөө зөвхөн Ерөнхий төлөвлөгөөгөөр хязгаарлагдаж, хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө хэрэгжиж дуусах дөхсөн ч хэрэгжилтийн явц хангалтгүй байгаа байгаа нь бодит байдал дээр харагдаж байгаа юм. 10 жилийн өмнө нийслэл хотод тулгарч байсан асуудлууд одоо ч хэвээр байна. Ялангуяа хотын хүрээлэн буй орчин, оршин суугчдын амьдрах нөхцөл сайжраагүй нь хүн амын төвлөрөл саарахгүй, механик өсөлтийг хотын дагуул хотууд руу чиглүүлэх бодлого хэрэгжихгүй байгаагаас үүдэлтэй гэж нийслэлийн Засаг дарга уулзалтын үеэр онцолж байлаа.
Улаанбаатар хотод оршин суугчдын 3 хүн тутмын нэг нь 1990-2015 оны хооронд шилжин ирсэн бол хүн ам жилд дунджаар 6 хувиар өссөн нь улсын дундаж өсөлт болох 1.83 хувиас өндөр байгаа юм. Улаанбаатар хотын хүн амын улсын дүнд эзлэх хувь 1990 онд 26 хувь байсан бол өнгөрсөн онд 47 болж өссөн байна. Энэ механик өсөлтийг багасгах үүднээс өнгөрсөн оноос нийслэлийн Засаг даргын захирамжаар хүн амын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан нь үр дүнгээ өгч жилд дунджаар 30 мянган хүн шилжин ирдэг байсан бол 20 мянга болон буурчээ.
Гэсэн ч нийслэл хотын хүн амын өсөлтийг 56 хувийг хүн амын шилжилт хөдөлгөөн эзэлж, хүн амын нягтрал 286 байгаа нь улсын дунджаас 150 дахин өндөр үзүүлэлт юм. Төвлөрлөөс үүдэлтэй агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл үүсэх, дэд бүтцийн ачаалал ихсэх, нийгмийн үйлчилгээний хүчин чадал зэрэг асуудлууд зохист хэмжээнээс 2-3 дахрин хэтэрсэн байна. Тиймээс бүс нутгийн хөгжлийг хангах, төвийн бүсийн аймгуудтай хамтрах, хүн амын нягтралыг сааруулах нь нэн тэргүүний хийж хэрэгжүүлэх ажил болоод байгаа юм.
Улаанбаатар хотын бүсийн хөгжлийн бодлогод эдийн засгийн өсөлт, ажлын байрыг бий болгохоор төлөвлөгдсөн үйлдвэрлэл, технологийн паркууд, тээвэр, ложистикийн сүлжээ болон чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх асуудал үр дүнтэй хэрэгжээгүй удааширсан зэрэг олон асуудлыг нэрлэж болно. Монгол Улсын Засгийн газрын баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын эдийн засгийг олон тулгуурт болгож хөгжүүлэх зорилго нь хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэр, худалдаа, дэд бүтцийн салбаруудыг мэдээлэл, санхүү, тээвэр, ложистикоор уялдуулан төлөвлөж, эдийн засгийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд оршиж байна.
Энэ бодлогын хүрээнд олон улсын хөгжлийн туршлага, чиг хандлагаар томоохон хот, суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх “Алтан гурвалжин” загвараар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудыг хөгжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх улмаар хотуудын таталцал, нөлөөллийн бүс дэх Төв, Сэлэнгэ, Булган аймгуудтай хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн болон захиргааны арга хэрэгслийг ашиглан аймаг, орон нутгийн зах зээлийн боломж, нөөцийг нэмэгдүүлэн тогтвортой хөгжлийг хангах талаар санал боловсруулж хамтран ажиллах зорилго дэвшүүлж ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогын хүрээнд байгуулсан санамж бичигт тусгагдсан ажлуудыг үр дүнд хүргэн хэрэгжүүлэхээ нотолж, бүс нутаг хот байгуулалтын уялдааг хангах замаар төвлөрлийг сааруулж, нутаг дэвсгэрийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нутгийн захиргааны байгууллага хоорондын хамтын ажиллагаа өргөжүүлэхээр хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Энэхүү гэрээнд НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Төв аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэндаваа нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Улаанбаатар хоттой хамгийн ойр орших төв аймаг 94 мянга гаруй хүн амтай. Нийслэл хотын төвлөрлийг сааруулахад төв аймгийн удирдлагуудын зүгээс хэрэгжүүлэх бодлого, төлөвлөлт их чухал юм. Тухайлбал тус аймагт 35 мянган иргэн газар өмчилсөн байдгаас 20 мянга гаруй нийслэл хотын харьяат иргэн байна. Мөн 2 мянга гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 500 аж ахуй нэгж Улаанбаатар хотод бүртгэлтэй байдаг аж. Төв аймгийн Сэргэлэн суманд шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орно. Шинэ нисэх буудлыг түшиглэн олон бүтээн байгуулалт хийгдэж, түүнийг дагасан ажлын байр, үйлдвэрлэл үйлчилгээ, суурьшлын бүс бий болох боломжтой юм. Сэргэлэн сумаар ачааны төмөр зам дамжин өнгөрөхөөр ТЭЗҮ боловсруулагдаж байгаа учир төмөр зам, авто замын тээврийг хөгжүүлэх боломжтой юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Төв аймаг бол миний өсөж төрсөн нутаг. Хотын захиргааны болон улс төр нийгмийн гол ажиллах хүчний бааз суурь, боловсон хүчний дарханы газар гэж яригддаг байлаа. Нийслэл хоттой хамгийн ойр байрлаж байгаа учир чадварлаг боловсон хүчин эндээс ажлын гараагаа эхэлж, цаашид өсөн дэвжих боломжтой байдаг. Төв аймаг, Улаанбаатар хот олон арван жилийн хамтын ажиллагааны түүхтэй. Төв аймгийг нийслэлийн ар тал гэж ярьдаг байсан нь одоо ч хэвээрээ. Бидэнд хамтын ажиллагааны олон боломж бий. Улаанбаатар хотын болон Төв аймгийн давуу талуудыг харилцан хэрхэн ашиглах вэ гэдэг асуудлуудыг өргөн хүрээнд ярилцаж байна. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад Төв аймаг маш чухал үүрэгтэй. Төв аймгийн нутаг дэвсгэр дээр Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, дагуул хотууд байгуулагдана. Үүнийг анхаас нь хэрхэн төлөвлөн хийх ёстой вэ гэдгийг ярилцах хэрэгтэй. Мөн эдийн засгийн том боломжууд байна. Нийслэлд үйлдвэр, ложистикийн төвүүд байгуулахад газар болон дэд бүтцийн боломж хомс. Төв аймгийн олон сум нийслэлтэй хиллэдэг. Тэгвэл дээрх төвүүдийг төв аймагт байгуулвал тухайн сумдийн эдийн засгийн ашиг орлого бий болох боломжтой.
Түүнчлэн хотын хөдөө аж ахуй гэсэн ойлголт байдаг. Энэ нь маш бага талбай дээрээс маш өндөр хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн байх учиртай. Улаанбаатар хотын хөдөө аж ахуй бол эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, хүлэмжийн аж ахуй байх ёстой. Үүнийг мөн Төв аймаг хангах ёстой. Төв аймаг эрчимжсэн мал аж ахуй үйлдвэрлэж экологийн цэвэр бүтээгдэхүүнээр Улаанбаатар хотыг хангах хэрэгтэй. Ингэснээр ашиг орлого нэмэгдэх боломжтой. Мөн Манзуширын амны аялал жуулчлалын бүтцийг хэрхэн бий болгох, нийслэл хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа. Манзуширын амны тодорхой хэсэг нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хамаардаг. Дэд бүтцийг хөгжүүлэх үүднээс нийслэлээс хөрөнгө оруулалт хийж, аялал жуулчлалын гол маршрут болгох тал дээр хамтран ажиллах боломжтой.
Тэр утгаараа хамтраад нийслэлээс дэд бүтэц тал дээр нь тодорхой хөрөнгө оруулалт хийх, Төв аймаг үүнийг аялал жуулчлалын гол маршрут болгох тал дээр хамтран ажиллах талаар ярьж байна. Улаанбаатар хотыг тойрсон бүх аялал жуулчлалын дурсгалт газрууд Төв аймагт байдаг усраас энэ бүхэн дээр хамтран ажиллах бололцоотой” гэж ярилаа.
Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал хэлэхдээ “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Зуунмод хотноо хүрэлцэн ирсэнд таатай байна. Хүн амын төлөвлөлт, хотын хөгжил, 1.5 сая хүн амтай хотыг удирдан залж яваа нийслэлийн удирдлагын баг ирж ажиллаж байгаа нь бидэнд том туршлага судлах, харилцах хамтын ажиллагааны талаар санал солилцох том боломж болж байна. Улаанбаатар хот Төв аймаг хоёр нэг нутаг дэвсгэр дээр олон жил хамт аж төрсөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж. Тиймээс хөгжлийнхөө асуудлыг хоорондоо ярилцаж, уялдаа холбоогоо хангаж, нэг нэгнийхээ давуу болон сул талуудыг нөхөх зарчмаар хамтын ажиллагаа, хөгжил дэвшилээ хангах учиртай. Нийслэлийн төвлөрөлийг сааруулахад Төв аймаг анхаарч, тодорхой арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй. Төв аймгийн хөгжлийн ирээдүйн төлөвлөлт Зуунмод хот орчмын бүс. Эдийн засаг, нийгэм, соёл шинжлэх ухааны хөгжлийг түргэтгэх бүс нутаг болж байна. Учир нь олон улсын нисэх буудал, төмөр зам, авто зам зэрэг дэд бүтцийн гол зангилаа нутаг болж байна.
Төв аймаг байгуулагдсан цагаасаа эхлэн нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг баталгаатай байлгах, аж үйлдвэрийн салбарын түүхий эд хангалтын томоохон түшэц нь болж ажиллаж байсан. Жилээс жилд өсөн нэмэгдэж буй энэ хэрэгцээг хангах үүднээс бид үйлдвэрлэлийнхээ хүч болон эрчимжүүлэлтийнхээ асуудлыг бодлоготойгоор авч үзэн ажиллаж байна.
Бид зөвхөн гадаадын бус дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой. Аялал жуулчлалын гол байршлыг зөв тодорхойлж тэндээ үйлчилгээнээс эхлээд дэд бүтцийн тааламжтай нөхцлийг бүрдүүлэх учиртай. Энэ асуудал дээр хамтрахаар тодорхой саналууд дэвшүүлэн ярилцлаа” гэв.
Бүс нутгийг хөгжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд ийнхүү “Улаанбаатарын өдөр” арга хэмжээг Зуун мод хотноо зохион байгуулж орон нутгийн иргэдэд төрийн зарим үйлчилгээг ойртуулан хүргэж ажилласан нь иргэдийн талархлыг хүлээсэн юм. Арга хэмжээний үеэр харилцаа хамтын ажиллагааны чиглэлээр ярилцахаас гадна Улаанбаатар чуулга, нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийсэн. Тухайлбал үе мөч, шүд, мэдрэл, эхо оношлогоо зэрэг орон нутгийн иргэдэд шаардлагатай үйлчилгээг үзүүллээ. Мөн Тэсo, Махмаркет, АПУ, Хүнс комплекс зэрэг 10 гаруй аж ахуй нэгж, жижиг дунд бизнес, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэд ч өөрсдийн бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Санамж бичгийн хүрээнд хотын төвлөрлийг сааруулах, нутаг дэвсгэрийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор эдийн засаг, хот байгуулалт, дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, нийгмийн хөгжил, засаглалын чиглэлээр болон нутийн захиргааны байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Төрийн албан хаагчдыг сургах, харилцан туршлага судлуулах зэргээр хамтран ажиллах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.