Монгол улсын дотоодын шилжих хөдөлгөөний талаар улсын хэмжээнд анх удаа цогц судалгаа хийж үр дүнг нь гаргалаа. Дотоодын шилжигсдийн олонх нь Улаанбаатар хотод төвлөрдгөөс, хотжилт эрчимтэй явагдаж, хөдөө орон нутгийн хүн ам цөөрч байгааг судалгааны дүгнэлт харуулж байна.
“Монгол улс: Хүн амын дотоодын шилжих хөдөлгөөний судалгаа”-г хийсэн Монгол улсын үндэсний их сургуулийн судлаачдын багийн судалснаар 1989 онд хүн амын дөрөвний нэг хувь нь (26.8%) оршин сууж байсан нийслэлд, одоо нийт хүн амын бараг тал (47%) хувь нь оршин сууж байна. ҮСХ мэдээлснээр, 2010-2016 онуудад 126,143 хүн Улаанбаатарт албан ёсоор шилжин суурьшснаар, 2017 онд нийслэлийн хүн ам 1,463,000 гэж тоологджээ.
“Монгол Улсын дотоод шилжилт хөдөлгөөний судалгаа”, “Хотод шилжин ирэгсдийн эмзэг байдлын судалгаа”-ны тайлан танилцуулах семинарын нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцож үг хэллээ.
Тэрээр нээлтэд хэлсэн үгэндээ “Хотжилт бол нийгмийн томоохон өөрчлөлтийн нэг билээ. Хотжилт түүнийг тойрсон эерэг болон сөрөг байдлууд ганцхан Монголд ч биш дэлхийн бүхий л орнуудад тавигдаж байгаа. Монгол Улсад 1992 оноос хойш хүн амын шилжих хөдөлгөөн чөлөөтэй болсон. Монгол Улсын Үндсэн хуульд улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй гэсэн заалтын дагуу иргэд оршин суух хөдөлгөөнд чөлөөтэй оролцох эрх зүйн боломжийг бүрдүүлсэн билээ. 1990 онд Улаанбаатар хотын хүн ам нийт Монгол Улсын хүн амын 26 хувь байсан бол 2017 онд 47 хувь болон өсөж төвлөрөл нэмэгдсэн байна. Агаар орчны бохирдол, нийгмийн дэд бүтцийн хүртээмжгүй байдлыг харгалзан нийслэлийн Засаг даргын захирамжаар хүн амын шилжилт хөдөлгөөнийг 2017 оноос хязгаарласан нь үр дүнгээ өгч жилд дунджаар 30 мянган хүн шилжин ирдэг байсан бол 20 мянгаар буураад байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод оршин суугчдын 3 хүн тутмын нэг нь 1990-2015 оны хооронд шилжиж ирсэн дүр зураг гарч байгаа бөгөөд хүн ам жилд дунджаар 6 хувиар өссөн нь улсын дундаж өсөлт болох 1.83 хувиас даруй 3.3 дахин өндөр байгаа юм. Нийслэлийн хүн амын өсөлтийн 56 хувийг орон нутгаас шилжин ирсэн хүн амын шилжилт хөдөлгөөн эзэлж, нэг хавтгай дөрвөлжин км газар нутагт ногдох хүн амын нягтрал 286 байгаа нь улсын дунджаас 150 дахин өндөр үзүүлэлт юм. Энэхүү төвлөрлөөс үүдэлтэй агаар орчны бохирдол, авто замын түгжрэл үүсэх, дэд бүтцийн ачаалал ихсэх, нийгмийн үйлчилгээний хүчин чадал зэрэг асуудлууд зохист хэмжээнээс 2-3 дахин хэтэрсэн нь анхаарал татсаар төрийн байгууллагууд хөрөнгө хүчээ эдгээр асуудлыг шийдэхэд зориулсаар байгаа билээ. Монгол Улс дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг даган 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа батлан хэрэгжүүлж байна. Уг үзэл баримтлалд хүн амын нутагшилт, суурьшлын тогтвортой тогтолцоонд тулгуурлан хот байгуулах, бүсчлэн хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах замаар дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг асуудлуудыг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан билээ. Засгийн газрын гурван тулгуурт хөгжлийн бодлогын эдийн засгийг олон тулгуурт болгож хөгжүүлэх зорилго нь хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэрлэл, худалдаа, дэд бүтцийн салбаруудыг мэдээлэл, санхүү, тээвэр логистикоор уялдуулан төлөвлөж, эдийн засгийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм. Хотын оршин суугчдын хэт өсөлт нь сүүлийн жилүүдэд байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг зөрчил ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг, нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулж байна. Эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийслэл Улаанбаатар хотын зүгээс санаачлан төвийн бүсийн таван аймагтай хамтран ажиллаж, эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх төвлөрлийг сааруулах бодлого, санал боловсруулан ажиллаж эхэлж байна. Энэ бодлогын хүрээнд олон улсын хөгжлийн туршлага, чиг хандлагаар том хот суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх хөгжлийн алтан гурвалжин загвараар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудыг хөгжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, улмаар хотуудын таталцал, нөлөөллийн бүс дэх Төв, Сэлэнгэ, Булган аймгуудтай хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн болон захиргааны арга хэрэгслийг ашиглан аймаг орон нутгийн зах зээлийн боломж нөөцийг нэмэгдүүлэн, тогтвортой хөгжлийг хангах талаар санал боловсруулж хамтран хэрэгжүүлэх зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Үүнтэй зэрэгцэн олон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран Хүн амын дотоодын шилжилт хөдөлгөөний судалгааг МУИС-ын Хүн амын сургалт судалгааны төвийн судалгааны багтай хамтран “Хотод шилжин ирэгсдийн эмзэг байдлын судалгаа”-г гэр, иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв ТББ тус тус хийж гүйцэтгэсэн байна. Эдгээр судалгаа нь Монгол Улсын дотоодын шилжилт хөдөлгөөний талаар улсын хэмжээнд хийсэн анхны цогц судалгаа болж байна. Дотоодын шилжигсдийн олонх нь Улаанбаатар хотод төвлөрдгөөс хотжилт эрчимтэй явагдаж, хөдөө орон нутгийн хүн ам цөөрч байгааг судалгааны дүгнэлт харуулсан байна. Улаанбаатар хотод шилжин ирэгсдийн олонхийнх нь хувьд амьдрал сайжирсан гэж хариулсан хэдий ч нийслэлд ирээд ямар хүндрэл, бэрхшээлтэй тулгардгийг судалгаагаар дэлгэрэнгүй тодорхойлж гаргасан нь бүчилсэн хөгжлийг дэмжих талаар баримтлах бодлогыг сайжруулах, хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан хот байгуулах, бүсчлэн хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах замаар дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг асуудлуудыг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэхэд суурь судалгаа маш чухал үр дүн үзүүлнэ гэж үзэж байна. Цаашид энэхүү судалгаа болоод, судалгааны үр дүн нь Монгол Улсад бодлогын судалгааг шинэ шатанд гаргах, бодлогын судалгааны соёлыг төлөвшүүлэх, төрийн бодлого төлөвлөлтийг судалгаанд суурилан илүү бодитой гаргахад чухал ач холбогдолтой юм” гэж хэллээ.
Дээрх судалгаанд хамрагдсан 4000 орчим хүний мэдээллээс харахад шилжин суугчийн олонхи нь ажилд орох, амьдралынхаа нөхцөлийг сайжруулах, сайн боловсрол эзэмших, эрүүл мэндийн илүү чанартай, олон төрлийн тусламж үйлчилгээ авах, гэр бүлийн гишүүдээ дэмжих, садан төрлөө бараадах зорилготой шилжин суурьшсан байна.
Улаанбаатар хотод шилжин суурьшиж хотын захын хороололд төвхнөсөн иргэд хотын хүн амын 60 гаруй хувийг эзэлж байгаа хэдий ч хот хөгжүүлэх төлөвлөлтөнд тэдний амьдрах орон зай, орчин нөхцөл зохих байр сууриа эзэлж чадаагүй байгаа юм. Хотын захын хорооллын хүн амын 3.1 нь шинээр суурьшин иргэд бөгөөд тэдний 40 хувь нь нийгмийн эмзэг бүлэгт багтдаг тул тусламж дэмжлэг хэрэгтэй хүн амын тоонд орж байна.
Шилжин суурьшсан иргэд ямар бэрхшээл, асуудлуудтай тулгардаг талаар “Хотод шилжин ирэгсдийн эмзэг байдлын судалгаа” нэртэй чанарын судалгааг “Гэр хорооллын зураглал төв” ТББ хийсэн бөгөөд Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын “Монгол Улсын дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, зохицуулах нь” төслийн хүрээнд дэмжсэн бас нэгэн судалгаа юм.
Судалгааны тайлан танилцуулсны дараа, хөгжлийн бодлого боловсруулах мэргэжилтнүүдэд зориулан дотоодын шилжилт хөдөлгөөнийг удирдан зохицуулах стратегийн мөн чанар, цар хүрээ, суурь зарчим, тулгарч болзошгүй сорилт хүндрэлийн талаар сургалт явуулна. Сургалт нь засгийн газрын зүгээс дотоодын шилжилт хөдөлгөөнийг зохистой удирдан зохицуулах бодлогын чиглэлийг тодорхойлон гаргах төрийн чадавхи бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.