15-хан настай охин …
Валиева биш ээ.. Юлия Липницкаяг эргэн саная Сочи-2014. Өвлийн ээлжит олимп. 15 настай Юлия Липницкая ОХУ-ын уран гулгалтын баг эх орондоо Алтан медаль өвөртлөн харих эсэхийг шийдэж байсан юм. Тэгээд ч тэр охин алтан медалийг энгэртээ гялалзуулсан.
Тэгэхэд ч одоо ч ОХУ-ын ерөнхийлөгч байсан, байсаар байгаа Владимир Путин түүнд болон баг тамирчдадаа баяр хүргэж, хүлээн авч байсан билээ. 15 настай ийм амжилт үзүүлсэн охины өмнө гялалзсан ирээдүй, хичнээн олимпд дараалан оролцох боломж, шинэ шинэ рекорд байлаа. Шүтэн бишрэгчид нь болон уран гулгалтын спортыг шимтдэг хүн бүрийн хувьд ийм л хүлээлт үүсгэсэн.
Тэр их хүлээлтийн үеэр Липницкая Тутберидзегийн багаас явсан. Шалтгаан нь үл ойлголцол. Түүнийг явсны дараа Оросын сүүлийн 20 жилийн бүх цаг үеийн аваргуудыг бэлдэж байгаа Тутберидзе “Санал зөрөлдөөн бол хаана ч байх зүйл. Гэхдээ нэгэнт амжилтанд хүрчихсэн тамирчинтай харьцах их өөр асуудал” хэмээн ярьсан.
Харин түүний дараагийн амжилтыг хүлээж байсан хүмүүс түүнийг мансууруулах бодист донтсон, архинд орсон гэх мэтээр ярьж эхэлсэн юм. Энэ хооронд дасгалжуулагчаа сольсон Юлия Липницкаягийн хувьд тодорхой амжилт үзүүлэхгүй байсаар анорексия буюу хоолны дуршил буурах өвчнөөр өвдсөн гэдгээ мэдэгдсэн. Энэ өвчнийг сэтгэл зүйчид өөртөө сэтгэл хангалуун бус байх шаналалтай холбоотой хэмээн тайлбарладаг. Ийнхүү Екатеринбургаас гаралтай, 15-хан насандаа олимпын алтан медалийг зүүсэн охин шүтэн бишрэгчдийнхээ их хүлээлтийг үүрд орхиж, ердөө 19 насандаа их спортд цэг тавин тэшүүрээ далд хийсэн гэж мэдэгдсэн юм.
Өдгөө хэвийн амьдралдаа эргэн ирсэн Липницкая эрүүл хооллож, нялх охиноо өсгөж, аз жаргалтай гэрийн бүлийн амьдралаар амьдарч буй билээ.
Ямартай ч өвлийн олимпын эдгээр өдрүүдэд Монголчуудын хувьд Камилла Валиевад ихээхэн “санаа зовж” буй. Харин уран гулгалтын спортыг шимтэн үздэг, тус спортыг түүхийг тархиндаа хураачихсан чимээгүй үнэнч үзэгчдийн хувьд Валиеваг хуучин соц орны коммершл сурталчилгааны гол баатар хэмээн харж байгаа юм.
Ядуу ардын хүү, эгэл тариачны охин … гэх мэт тодотгол өдгөө 15-хан настай охин гээд үргэлжилж байгаа.
Ийнхүү тодотгож, гол баатар болгосон дүрүүдийг гунигтай төгсгөл хүлээдэг туршлага бий.