Хэдхэн хоногийн өмнө Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/ /2023.03.29/ хуралдаж, дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатарыг албан тушаалаас нь огцруулахаар болсон билээ.
Албан тушаалаасаа өгөөд удаагүй байгаа Ө.Сумъяабаатарын зарим нэг хууль бус үйлдлийг Төрийн аудитын шалгалтаар илрүүлсэн байна.
Тодруулбал, тэрбээр Шүүхийн шийдвэрээр халагдсан 2 ажилтны ажилгүй байсан хугацааны 38 сая төгрөгийн цалинг төсвөөс олгож, ажлаас чөлөөлсөн албан тушаалтнаар нөхөн төлүүлээгүй зөрчил гаргажээ. Хуулиндаа тус цалинг тухайн ажилтанг ажлаас халсан хүн нь төлөх ёстой байдаг. Гэвч Ө.Сумъяабаатар албан тушаалтнаа хаацайлж, төсвийн мөнгөнөөс энэ их хэмжээний мөнгийг гаргажээ.

Мөн тэрбээр 155 сая 300 гаруй мянган төгрөгөөр албан байгууллагынхаа ажилчдыг гадаадад аялуулсан байна. Тухайлбал, тус аялалд явсан ажилчдын дотор УИХ-ын гишүүн, “Оргил” дэлгүүрийн босс Ж.Ганбаатарын туслах Ш.Мөнгөнтуяаг Баянгол Агропарк ТӨҮГ-т ажилладаг хэмээн хуурамч тушаал гаргаж явуулсан баримт өнгөрсөн 2022 онд оны ил болж байлаа. Хэл ам, хэрүүл шуугиантай тус аялалын тушаалыг 2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Б/40 тоот хэмээн онцолж Арабын Нэгдсэн Эмират Улс руу нэр бүхий хүмүүсийг албан томилолт нэрийдлээр аялуулж байсан юм.
Мөн тэрбээр төсвийн мөнгөнөөс 24 сая төгрөгөөр багш нарын зөвлөгөөн нэрээр зардал гаргаж модон эдлэл, цаасан уут авсан баримтыг Төрийн аудитын байгууллагын шалгалтаар ил болгосон байна.
Энэ мэт үйлдлээрээ албан тушаал, эрх мэдлээ ашиглан удаа дараа хууль бус үйлдлүүд гаргасан БГД-ийн Засаг дарга асан Ө.Сумъяабаатар хэрнээ саяхныг хүртэл албан тушаалдаа суусаар л байсан билээ.
Ө.Сумъяабаатарын хувьд улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. 2001 онд Шинжлэх ухааны академийн Философи социологи эрхийн хүрээлэнгийн улс төр судлалын секторт эрдэм шинжилгээний ажилтан болж, хөдөлмөрийн гараагаа эхлүүлж байжээ.
• 2005-2008 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Ерөнхий сайдын шадар туслах, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шинжээч,
• 2014-2016 онд Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” улсын үйлдвэрийн газрын захирал зэрэг албыг хашсан.
• 2016-2019 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Захиргаа удирдлагын газрын захирал болж, дэвшсэн байна.
Харин 2019-2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөх болсон бол 2020 оны долдугаар сараас Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөхөөр ажиллах болжээ. Тэрбээр Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал/ИТХ/-ын төлөөлөгчөөр 2012, 2016 онд дараалан сонгогдсон бол 2020 оны НИТХ-ын сонгуульд Баянгол дүүргээс өрсөлдөж, ялснаар Засаг даргаар томилогдсон юм.


