Монгол Улсын иргэн Бямбаа овогтой Цэцгээ 2026 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 4 настай охиныхоо хамт Улаанбаатараас Сөүл хот руу зорчих үедээ Инчоны олон улсын нисэх буудлын хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт хүний эрх, хүүхдийн эрх ноцтой зөрчсөн хандлагад өртсөн талаар мэдэгдэв.
Тэрбээр БНСУ-д нэвтрэх явцад тус улсын хилийн шалган нэвтрүүлэх байгууллагын хоёр эмэгтэй байцаагч тодорхой үндэслэл тайлбар өгөхгүйгээр саатуулж, бүдүүлэг, доромж харьцаж, сүрдүүлсэн үйлдэл гаргасан гэж үзэж буйгаа албан ёсоор илэрхийлжээ. Уг үйлдлүүд нь насанд хүрээгүй хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөхүйц байдал үүсгэсэн хэмээн гомдолд дурдсан байна.
Уг асуудлаар тэрбээр Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам-нд албан ёсны гомдол гарган, холбогдох байгууллагуудад шалгалт явуулж, камерын бичлэгт тулгуурлан бодит нөхцөл байдлыг тогтоох, хэрэв хүний эрх, хүүхдийн эрх зөрчсөн нь тогтоогдвол хариуцлага тооцохыг хүсжээ.
Мөн цаашид гадаадын иргэд, ялангуяа хүүхэдтэй зорчиж буй хүмүүстэй харилцах ёс зүй, хяналтыг сайжруулах шаардлагатайг онцолсон байна.
Тэрбээр “Монгол иргэд ийм төрлийн ялгаварлан гадуурхалт, доромжлолд өртдөг тухай олонтаа сонсож байсан ч өөрийн биеэр амсана гэж бодоогүй” хэмээгээд, уг асуудлыг бодитой шалгаж, дахин давтагдахгүй болгох нь хоёр улсын харилцан хүндэтгэлд чухал ач холбогдолтойг тэмдэглэжээ.

