Найруулагч Ж.Сэнгэдоржийн ээлжит уран бүтээл “Худалдагч охин” уран сайхны кино 2022 оны Осакагийн Азийн кино фестивалийн уралдаант наадмаас “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагнал хүртсэн байна.
Осакагийн Азийн кино фестивалийг 17 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд Азидаа нэртэй өндөр зэрэглэлийн фестивалийн нэг юм. Уг фестиваль 2022 оны гуравдугаар сарын 10-наас 20-ны өдрүүдэд Япон улсын Осака хотноо болж, шилдэг бүтээлийн эздээ шалгаруулжээ.
Энэ удаа нийт 31 орны 954 кино бүтээл Осакагийн кино фестивальд өрсөлдсөн байна. Фестивалийн уралдаант хэсэгт шилдэг 15 киног сонгон шалгаруулсны нэг нь “Худалдагч охин” кино. Тодруулбал, Солонгос, Египет, Араб, Хонгконг, Япон, Малайз, Филипин, Тайван, Хятад, Энэтхэг, Казакстан зэрэг олон орны кино уран бүтээлчдийн кинотой өрсөлджээ.
“Худалдагч охин” уран сайхны кино 2021 онд нээлтээ хийсэн бөгөөд гол дүрд жүжигчин О.Энхтуул болон залуу жүжигчин Б.Баярцэцэг нар тоглосон юм.