Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн захирлаар ажиллаж байсан Б.Баттүвшин нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэхээр товлосон боловч хойшлуулжээ.
Б.Баттүвшин дээрх сангийн захирал, Төсөл сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулж, Ш.Эрдэнэболдын үүсгэн байгуулсан “Онгиболд” компаниар дамжуулан ЖДҮХС-гаас 1.5 тэрбум гаруй төгрөгийн зээл авсан аж.
Ингэхдээ зээл авах шаардлага хангахгүй байхад нь 2014 оны аравдугаар сард Төсөл сонгон шалгаруулах комиссын хурлаар хэлэлцүүлж, “Монгол фермер” төсөл хэрэгжүүлэхээр дээрх мөнгийг “Голомт” банкны дансанд нь шилжүүлэн өгчээ. Улмаар уг зээлийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон аж. Тодруулбал, Б.Баттүвшин аав Р.Бадамдамдингийнхаа эзэмшлийн “Эрдэнэбулган” гэх ХХК-ийн ажилтан Х.Түмэнгийн нэр дээр “Онгиболд” компаниас мөнгийг нь шилжүүлэн авчээ.
Уг мөнгөөрөө Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт барьж буй барилгын 11 дүгээр давхарт 1.1 тэрбум гаруй төгрөгөөр 386.3 ам метр талбай авсан нь тогтоогдсон байдаг.
Харин үлдсэн мөнгөнөөс Ш.Эрдэнэболдод 123, Б.Гантулгад 34, Ж.Галт-Одод 150, Х.Түмэнд 40, В.Эрдэнэбаярт 10, О.Маргадад 100 сая гэх зэргээр шилжүүлсэн нь мөнгө угаасан үйлдэл гэж мөрдөгч, прокурор нь дүгнэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. НПГ-аас Б.Баттүвшин, Ш.Эрдэнэболд, Х.Түмэн нарт Эрүүгийн хуулийн 18.6-2.2 дахь хэсгийн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн”, мөн хуулийн 22.1-2 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа юм. Анхан шатны шүүх өмнө нь нэг удаа тэдэнд холбогдох хэргийг хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан ч прокурор нь эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсанаар дээрх шүүх дахин хэлэлцэхээр болоод байгаа билээ.

