Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгохоор болсон. Уг асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Тэгвэл энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяагаас тодрууллаа.
Тэрбээр “Энэхүү хууль хэрэгжсэнээр албан журмын нийгмийн даатгал төлөгч 715 мянган хүн, сайн дурын даатгуулагч 147 мянган хүн хамрагдана.
Нэг сая болон түүнээс доош төгрөгийн орлогоос төлсөн НДШ-ийн 50 хувийг буцаан олгоно. Үүнд 172 тэрбум буюу 2022 оны төсөвт 150 тэрбум, 2023 оны төсөвт 21 тэрбум төгрөг тавигдсан. Энэ бол төсвөөс буцаан олголт хийгдэнэ гэсэн үг. Ингэснээр иргэн эхэлж НДШ-ийг төлнө. Тэр хэмжээнээс нь буцаан олголтыг дараа сард нь олгоно гэсэн үг. Харин өндөр цалинтай хүмүүс хамрагдахгүй” гэв.

