Хүн өөрийн эзэмшил газартаа юу ч барьж, байгуулж, бүтээж, нурааж болно. Гол нь тухайн үйл ажиллагаа нь Монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль, журам зэрэгт нийцсэн байх ёстой.
Харин зарим нэг хуулийн этгээд, хувь хүнд хууль үйлчилдэггүй гэх хардлага төрүүлэхүйц байдал ажиглагдсаар байна.Үүний нэг нь авто ломбардын үйл ажиллагаа явуулдаг “Уран ган” ХХК юм.
Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулж буй “Уран ган” ХХК-ийн хашаан дахь барилга байгууламжийн дийлэнх нь гэрчилгээгүй буюу улсын комисс хүлээн аваагүй байдаг. Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас тодруулахад “Хувь хүний нууц” хэмээн мэдэгдэж мэдээлэл өгөөгүй. Уг нь манай сурвалжлах хэсэг тухайн барилга байгууламж хэний нэр дээр байна гэж асуугаагүй, улсын бүртгэлд бүртгэлтэй эсэхийг тодруулсан.
Гэтэл УБЕГ–аас хуулийг буруугаар тайлбарлан мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа юм. Хувь хүний нууц гэдэгт захидал харилцаа, эрүүл мэнд хөрөнгө л хамааралтай байдаг. Харин бусад төрлийн нууцыг засгийн газар болон Тагнуулын ерөнхий газраас тогтоодог. Гэтэл ийнхүү хуулийг буруугаар тайлбарлан мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж байгаа нь хачирхалтай.
Манай сурвалжлах баг “Уран ган” ХХК-ийн хашаан дахь барилга байгууламжуудыг улсын комисс хүлээж аваагүй, нэг барилгыг нураах шүүхийн шийдвэр гарсан талаарх мэдээллийг эрэн сурвалжилснаа хүргэж байна.
№1 Нураах ёстой барилга өнөөдрийг хүртэл байсаар
Уншигч таны дор харж байгаа долоон давхар шилэн барилга газрын маргаантай байх үед баригдсан болохоор улсын комисс хүлээж аваагүй.

Газрын маргаан дууссаны дараа уг барилгыг нураах шийдвэр шүүхээс гарсан байдаг.

Шүүхийн шийдвэрээр нураах ёстой байсан барилга өнөөдрийг хүртэл байсаар байна. Үүгээр ч зогсохгүй аж ахуйн нэгжүүдэд түрээслүүлэн ашиг олж байгаа юм. Үүнийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар мэдэхгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд уг асуудалд анхаарах болно гэдгээ мэдэгдсэн юм.
№2 Гарааш ордон болсон түүх “UG palace”

“UG palace” гэх энэ барилга орчин үеийн цогц шийдэл бүхий бүтээн байгуулалт хэмээн эзэн нь ярьдаг. Тэгвэл энэ барилга байгууламж өмнө нь гараашийн зориулалтаар ашиглагдаж байжээ. Улмаар дээврийг нь нурааж, дээшээ өндөрлөн барьсан. Ингэж барихдаа дээвэргүй гараашийнхаа ханыг үлдээсэн бөгөөд гарааш ордон болсон түүхтэй. Уг барилга нь түр зөвшөөрөлтэй бөгөөд улсын комисс мөн л хүлээж аваагүй. Түр зөвшөөрөл гэдэг нь зөвхөн банканд зээлийн зориулалтаар ашиглагдах боломжтой дутуу баригдсан барилга гэдгийг мэргэжлийнхэн тайлбарлав.
Гэрчилгээгүй энэ барилгад өнөөдөр лоунж, фитнесс зэрэг үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа.
Зөвшөөрөлгүй барилгад лоунж буюу архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл хэрхэн гарсан нь анхаарал татаж байна.
Хууль бус байж болзошгүй энэ үйл ажиллагаанд анхаарал хандуулах ёстой НМХГ-т “Уран ган” ХХК-ийнхан хуурамч баримт бүрдүүлэн өгсөн гэх мэдээлэл байдаг. НМХГ–аас улсын бүртгэл эрэг бусад төрийн байгууллагаас мэдээлэл авбал хуурамч баримт бүрдүүлсэн болох нь тогтоогдох болно.
№3 2020 онд баригдсан барилгад 2000 онд баригдсан гэх зөвшөөрөл авчээ
Уншигч таны харж байгаа барилга 2020 онд баригдсан. Үүнийг 2019 оны Google map-аас харж болно.

Уг барилга улсын бүртгэлд бүртгэлтэй, гэрчилгээтэй. Гэхдээ 2020 онд баригдсан уг барилгын гэрчилгээ яагаад ч юм 2000 онд баригдсан гэх баримт бичигтэй юм билээ. Эндээс уг барилгын гэрчилгээ хуурамч байж болзошгүй байна.
Төрийн байгууллага огт харилцаа холбоогүй байдлыг Уран ган ХХК ашиглаж байгааг эндээс харж болохоор байна. Энэ асуудалд мөн л НМХГ анхаарал хандуулах ёстой.
Учир нь дээрх барилгуудыг Улсын комисс хүлээн аваагүй байхад өнөөдөр түрээсийн үйл ажиллагаа явуулж байгаа нь олон нийтийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй. Нөгөө талаас уг барилгуудыг эзэмшигч “Уран ган” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэн хууль бусаар буюу үндэслэлгүй хөрөнгөжиж байна.
Тэгвэл Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?

Б.Лхагвасүрэн гэгч нь залилангийн хэргийн яллагдагч. Хууль бус үйлдлүүд удаа дараа гаргадаг бөгөөд үүнийг нь илчилсэн хүн бүрийг сүрдүүлдэг, хохироодог.
Үргэлжлэл бий…

