Сүүлийн үед үзэгчдийн сайшаалыг хамгийн ихээр хүртээд байгаа “Ихэр тавилан” киноны гол дүрийг бүтээсэн “X Түц” хамтлагийн залуу жүжигчин Уламбатын Минжин хэдхэн хоногийн дараа хуримаа хийхээр болжээ.
Ээж болоод удаагүй байгаа тэрбээр “Ихэр тавилан” кинонд Байгаль хэмээх бүсгүйг дүрийг чадварлагаар бүтээж, кино сонирхогчдоос өндөр үнэлгээ аваад байна.
Жүжигчин бүсгүйн хувьд кинонд тоглохын сацуу Х ТҮЦ хошин урлагийн продакшинд жүжигчнээр ажилладаг. СУИС төгсөөд жүжигчний мэргэжлээрээ мастер хамгаалсан У.Минжин хөл хорионы үеийг ашиглан хуулийн чиглэлээр Их засаг их сургуулийг дүүргэсэн.
Тэрбээр ханьтайгаа учрахаас өмнө хэвлэлд өгсөн ярилцлагатаа “Ирээдүйн гэрлэх залуугаа сонгохдоо удам судар, өссөн орчинг харахаас гадна эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд хамруулж, хамтран амьдрах асуудлыг дараа нь бодож үзнэ” хэмээн ярьж байв.
Харин хамгийн сүүлд өгсөн ярилцлагатаа “Манай нөхөр бол миний ажил мэргэжлийг хамгийн ихээр дэмждэг,ойлгодог хүн. Аль болох боломж гаргаж намайг ажлаа хийхийг минь дэмждэг. Түүний хамгийн том илрэл нь “Ихэр тавилан” киноны үеэр ажлаасаа чөлөө аваад хүүхдээ харж надад туслахаар, миний ажлыг хийлгэхээр хамт явсан. Анх намайг Сэндэр буюу хүүхдээ алддаг эмэгтэйн дүрд тоглуулахаар яригдаж байсан. Кино зохиолоо уншаад л сэтгэлд буусан, зохиол нь үнэхээр сайн байсан ч ээж болоод удаагүй хүний хувьд бага зэрэг айдас төрж байсан. Тэр үед найруулагч маань чиний дүр Байгаль буюу олон хүүхэдтэй ээжийн дүр шүү гэж хэлээд намайг хамгийн их баярлуулж байсан. Хадаг бариад хүүхдийг маань гуйдаг хэсэгт би огт жүжиглээгүй” хэмээн ярьсан байдаг.