Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Б.Батцэцэглэн гоо үзэсгэлэн, монгол төрхөөрөө бусад дуучдаас ялгарах болсон. Дорноговь аймагт бага насаа үдсэн тэрбээр хөдөөгийн бүсгүй байсан бол гэх төрхөө цахим хуудаснаа онцолжээ.
Тэрбээр дөрвөн охинтой айлын бага нь бөгөөд өвөө эмээ дээрээ өссөн хүүхэд аж. Хамгийн анх “Идэр жинчин” дууг эмээ нь өгч, урлагийн замруу хөтөлж байсан гэдэг.
Энэ тухайгаа тэрбээр “Манай говийн чимэг болсон тэмээн сүргийн тухай дуу. Дээр үед тэмээндээ ачаалаад л хэдэн зуу, мянган км замыг туулахдаа тэмээгээ магтан дуулдаг байж л дээ.
Одоо ч бид нар түүнийг нь үргэлжлүүлэн дуулж байна. Ер нь манайхан сайхан дуулдаг. Аавыг минь Д.Батсайхан гэдэг. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ЕБС-ийн дуу хөгжмийн багш, нийгмийн ажилтан. Ээжийг С.Отгонмаам гэдэг. Тэтгэвэртээ гараад мал дээр байгаа. Говийнхон их наргианч, нийтэч хүмүүс. Манайх найр их хийнэ. Найрандаа бэлдэж, дуу их сурдаг байсан нь дуучин болоход нөлөөлсөн байх гэж боддог. Говийн худгууд их хол шүү дээ. Тэмээндээ усаа тэгнэчхээд үргэлж жонжуулна гэж юу байх вэ. Тэмээгээ алхуулж явахдаа талын хэдэн толгодоо хараад дуулахаас өөр яах вэ дээ. Сатаарах зүйлгүй хүмүүс чинь бодолд дарагдах, дуулахыг ёстой үзүүлнэ. Хангайн дуучдын ааш, дуулалт нь говийнхноос өөр. Уул, ус харж өссөн нутагтай нь шууд холбоотой байх. Говийнхон их налгар, тайван хүмүүс байдаг бол уулархаг нутгийн хүмүүс хөдөлгөөнтэй шүү. Дууны аялгуу нь хүртэл их дээгүүр байх жишээний. Харин говийн дуучдын дууны ая талаа дагаад намуухан байдаг. Энэ мэтээр хүний нутаг ус нь дуу хоолойнд нөлөөлдөг юм билээ.
Би ирээдүйгээ бодож уртын дуучин болохоор шийдсэн. Би өөр чиглэлээр дуулсан бол магадгүй 50 хүрээд тайзан дээр дуулахгүй байх. Уртын, ардын дууг дуулахад тайз хэзээ ч дуучныхаа насыг голдоггүй. Жишээлбэл, Норовбанзад гуай, Дорждагва ах, манай бүх сайхан дуучид настай байх тусмаа уртын дууны гүн утгыг ойлгож, хүмүүст илүү хүргэдэг шүү дээ” хэмээн ярьсан удаатай.

