ШШГЕГ-ын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хорих 423 дугаар ангиас өнгөрсөн сарын 8-нд оргосон хүмүүжигч А.Мөнхбатыг өчигдөр 01.00 цагийн үед цагдаагийн байгууллагын ажилтнууд баривчлав. Түүнийг Архангай аймгийн Тариат сумын нутагт ууланд бүгэж байгаад буух үед нь цагдаагийнхан саатуулсан байна. А.Мөнхбат хэн нэгний тусламжтайгаар гар утастай болж, улмаар найз нөхөд, танилуудтайгаа холбогдсон бололтой. Автомашинтай хүмүүс түүнийг дээрх сумын нутагт машиндаа суулгаж байх үед нь цагдаагийнхан очсон аж.
Мал хулгайлсан хэрэгт ял шийтгүүлэн дээрх хорих ангийн ногооны хэсэгт ажиллаж байгаад оргосон А.Мөнхбат, Г.Сумъяабазар нарыг наймдугаар сарын 8-наас хойш эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн чиглэлд хууль сахиулагчид хайж байсан юм. Эрэн сурвалжлах явцад тэд айлын өвөлжөөнөөс дулаан хувцас, бэлчээрээс нь уналгын морь хулгайлсан нь батлагдсан билээ. Бидэнд олдсон мэдээллээр А.Мөнхбатад хорих ангиас оргосон, эд зүйл хулгайлсан хэмээн дахин хэрэг нээж буй бол түүнийг авахаар очсон автомашинтай хүмүүст ч хариуцлага тооцохоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэнэ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хорих 423 дугаар ангиас энэ онд дээрх хоёр хүмүүжигч оргосон бол өнгөрсөн жил Говь-Алтай-Баянхонгор чиглэлийн автозам барих ажилд оролцож байсан нэг хүмүүжигч оргосныг тус ангийнхан болон ШШГЕГ-ынхан хав дарсан юм. Жил дараалан хүмүүжигчээ алдсан ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай хорих 423 дугаар ангийн дарга, хурандаа Б.Түвшинтөгс болон бусад албан тушаалтанд нь бригадын генерал Д.Загджав хариуцлага тооцох биз ээ.