“Төл таван эрдэнэ”, “Би монгол хүн” зэрэг нэвтрүүлгүүдээрээ олонд танигдсан МҮОНРТ-ийн сэтгүүлч П.Алтанцэцэг өөрийн цахим хуудаснаа тахилгатай овоон дээр гарч зургаа татуулж буй ёс жудаггүй залуу бүсгүйчүүдэд хандаж дараах постыг цахим хуудаснаа үлдээжээ.
Тэрбээр “Миний бие Завхан аймгийн Дөрвөлжин сумын одоо ухуулаад сэглүүлээд байгаа Баян -Айраг хэмээх сунаж тогтсон улаан уулын баруун төгсгөлд нь төрсөн юм билээ . Сумд хуваагдаж шинэ хошуу буюу Алдархаан сум байгуулагдахад аав маань Аргалант бригадын даргаар ирсэн . Би мэдээ орох цагаасаа Алдархаан суманд амьдарч сургуульд суралцсан юм . Дараа нь манай аав Богдын гол бригадад даргаар ирж олон жил Очирваань хайрханыхаа баруун бие болох Даян хайрхан , Их Богдын гол , Хөх , Цагаан нуур , Дэлгэр , Дойтоор зусаж Богдын голынхоо тунгалаг усанд шумбаж , цэцгийн үнэрт нь өсчээ .
Үүнийг өгүүлэх болсны учир эмэгтэй хүн гарч болдоггүй гэж эцэг дээдсийн сургааль мартагдаж Бадар хундага болон тахилгат овоон дээр гарч зургаа татуулсан бүсгүйчүүд олширч байгаад эмзэглэж бичлээ . Ээжүүд минь Очирваань хайрхандаа өглөө болгон залбирч , цай сүүний дээжээ өргөж , билэгт сайн өдрийг товлон байж эрчүүд овоондоо гарч залбирдаг байлаа .
Хэзээ ч хэн дуртай нь дуртай цагтаа гарч байсангүй . Тэр бүү хэл могойг нь Хайрхан гэж хүндлэн нэрлэж чимээ гаргалгүй зогсон хүлээж өнгөрүүлнэ . Цэцэг навчийг нь тасдах , уул усыг нь бохирдуулах , өвс үндсийг нь ухах энэ бүхэн хориотой байлаа . Онгоцны том осол гарахад , ган зуд болоход хүртэл хөгшчүүл маань энэ ” ХҮН”уултайгаа холбон тайлбарлаж “Хүн ” уултайгаа ярьж учирлан гуйдаг байлаа . Энэ уламжлалаа дээдэлж би олон удаа албан ажлаар зураг авахаар нэвтрүүлэг хийхээр явахдаа Их хайрханыхаа бэлд нь үлдэж , эрчүүдээ явуулан зураг хөргийг нь авахуулдаг байлаа . Ухаант өвгө дээдсийн сургуульд учир учиггүй зүйл байхгүй билээ” хэмээн бичсэн байна.
Сэтгүүлч П.Алтанцэцэг хувьд уран бүтээлийн гараагаа Завхан аймгийн Туяа сонины хянагчийн ажлаар эхэлж, Үнэн сонин, Монголын радиогийн агентлагт сурвалжлагч, Соёл эрдэнэ студид редактор, R and TV мэдээ сонинд редактороор тус тус ажиллаж байгаад одоо МҮОНРТ-д редактороор ажиллаж байна. Радио телевиз, сонин хэвлэлийн бүхий л жанраар бичих чадвартай, уран бүтээлийн арвин туршлагатай шилдэг редактор юм.