Цагдаагийн ерөнхий газрын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр ажиллаж байхаасаа олонд танигдсан өмгөөлөгч, хуульч О.Алтангэрэл өөрийн цахим хуудаснаа хуулийн тэгш бус хандлагын талаар өгүүлж бухимдуу яваагаа илэрхийлжээ.

Тэрбээр “Бухимдах юм даан ч их байна даа. “Хуулийн тогоо”-нд явдаг болохоор тэгш бус хандлагыг 10 гаран жилийн өмнөөс мэдэрч, чадахаараа дуугарч явдаг юм, сүүлийн үед арай л хэтэрлээ.
Өвөрхангай аймагт болсон явдал. Ядарсан амьдралтай сумын төвийн нэгэн залуу 11 хөлдөөсөн тарвага шуудайнд хийж яваад баригджээ. Намаржин агнасан тэдгээр тарвагаа зарж, идэшний багахан үхэр танилаасаа хямдхан авах зорилготой. Өндөр настай эмээ, гэр бүлийнхнээ тэжээдэг залуу ийнхүү баригдан шүүхээр ороод хоёр жилийн хорих ял.
Авилгач хулгайчид хоймортоо сууж, ардууд нь хатавчинд эрүүдүүлдэг бурангуй нийгэм. Ядарсанд хатуурхаж задарсныг зусардах алаг хууль. Өдрөөс өдөрт шунал, хулгайд идүүлсээр буй Монголын төр…” гэжээ.

