“Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн оролцогч дуучин Э.Дашням энэ сарын 17-нд тоглосон тоглолтын орлогоосоо нэг өрх толгойлсон ээжид гэр авч өгч, бэлэглэжээ.

Дуучин Э.Дашнямын хувьд тайзнаас олон гайхалтай уран бүтээлийг өвөрмөц хоолойгоороо амилуулж, үзэгчдийн хайрыг татсан авьяаслаг уран бүтээлч юм.
Дашням хэвлэлд өгсөн ярилцлагандаа: “Voice of Mongolia” шоу нэвтрүүлэгт оролцсоноор миний амьдралд маш олон гайхалтай өөрчлөлтүүд гарч өөрийгөө шинээр нээсэн цаг хугацаа байлаа. Шоуны эхний шатанд “Бүсгүй” дууг өөрийнхөөрөө дуулж үзэгчдэд хүргэе гэж бодсон.
Мөн дараагийн шатандаа тэнцэх зорилго өвөртөлж орсон доо. Тайзан дээр дуулж эхлэхэд үзэгчид алга ташиж, дагаж дуулахад гоё мэдрэмж төрсөн. Д.Отгонбаяр ахыг эргэж харах хүртэл хасагдчих вий дээ гэж эмээсэн. Отгоо ах эргэж харсан нь надад маш их боломжийг нээж өгсөн. Бас Ука шүүгч шоундаа дахин аялах боломжийг атгуулсанд баярладаг. Их дайчин эмэгтэй. Сүүлд “Хурд” хамтлагийн ах нартайгаа хамтарч “Бүсгүй” дууг дуулахад үнэхээр гоё байлаа. Би хүүхэд байхаасаа Хурд хамтлагийн дууг сонсож өссөн. Олон сайхан дуугаараа монгол түмнийхээ дунд амьдарч буй домогт хамтлагийн ах нартайгаа хамт уран бүтээл туурвиж, дуулна гэдэг миний хувьд үнэхээр их аз гэжээ. 
Тэрээр “Монгол Улсын төрийн дуулал”, “Хэнтийн өндөр ууланд” хийлийн гоцлолыг бичсэн алдарт хөгжмийн зохиолч, удирдаач Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн зээ билээ.

