Цар тахлын улмаас иргэдийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хоёр удаа хойшлуулсан. Гэвч Засгийн газраас ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин зургаан сараар сунгах санал гарган хэлэлцэж байсан бол ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулахгүй гэж Засгийн газраас мэдээлсэн. Ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шилжүүлнэ гэж Монголбанкнаас мэдэгдсэн.
Төв банк тооцоо, судалгаанд тулгуурлан нөхцөл байдлыг тайлбарласан боловч эрх баригчид ирэх оны хагас хүртэл дахиад зээлийн төлөлтийг хойшлуулах шийдвэр гаргаж магадгүй гэх мэдээлэл байна. Статистикаас харвал ипотекийн зээлийн хөтөлбөр санхүүжилтийн эх үүсвэрийн дутагдалд оржээ. Тухайлбал, энэ 2022 оны эхнээс зургадугаар сар дуусталх хугацаанд банкуудад нийт 14.500 иргэн 1.1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт ирүүлжээ. Үүнээс 3700 иргэний 293.8 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна. Одоогийн байдлаар 7300 иргэний 466.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт банкууд дээр хуримтлагдаж, сар тутам ойролцоогоор 2400 иргэнээс 185.1 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт нэмэгдэж байгаа гэдгийг ҮСХ-ноос мэдээлсэн юм. Хөл хорио, цар тахлын улмаас иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого тасалдаж, хямралд өртөөд байсан хүнд нөхцөлд ипотекийн зээл төлөлтийг хойшлуулах нь эерэг шийдвэрүүдийн нэг байсан. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдсөн энэ үед ипотекийн зээлийг эргэн төлөлтийг хойшлуулах нь эдийн засаг, зээл олголт, дараа дараагийн зээл авах хүсэлтэй иргэдэд саад учруулж байна гэдгийг эдийн засагчид хэлж байна.
Харин энэ оны есдүгээр сарын байдлаар иргэдэд олгосон ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл 6,190.5 тэрбум төгрөг, ипотекийн зээлдэгчдийн тоо 106.8 мянга байна. Одоогоор банкууд ипотекийн зээлийн хүсэлт хүлээн авч шийдвэрлэж байгаа ба ирэх онд зээл олголт, зээл төлөлт сайжирна гэсэн төлөвтэй байгааг банкны салбарынхан онцолж байна.