Жүжигчид дундаас хошин урлагийн төрөл, жанрыг сонгосон эрхмүүд хамгийн өнгөлөг, мөнгөлөг, хөрөнгөлөг байдаг нь нууц биш.
Учир нь уран бүтээлийнхээ хажуугаар реклам сурталчилгаанд тоглож, зарим нь өөрсдийн бизнесээ босгож яваа. Харин сүүлийн үед тус төрөл жанрын уран бүтээлчийн нэр хүнд иргэдийн дунд унаад буй нь, улс төрчдийн PR хийдэгтэй холбоотой.

Тэгвэл өнөө цагт наймаачин болсон хошин урлагийн “од”-уудыг бид онцолж байна.
“Маск” М.Баярмагнайгийн супер сугалаа
Оюутан байх үеэсээ олонд танигдсан авьяаслаг уран бүтээлч бол МУГЖ, Маск хамтлагийн гишүүн М.Баярмагнай. Өдгөө 44 насны босго алхаж яваа тэрбээр гаалиар оруулж ирсэн приус 41 маркын автомашиныг сугалаагаар борлуулахаа мэдэгдсэн. Улмаар хоёр дугаар байранд орсон нэг хүнд шар үхэр өгөхөө амлаад буй. Сугалааг нэг төрлийн луйвар гэдгийг мэдэх хүн олон. Гэвч Баянхонгор нутгаас гаралтай тэрбээр “нуга” нэгт экс Ерөнхийлөгч Женкогийнхоо ижлээр сугалаагаар ёндоорч баяжихаар шийдсэн бололтой.
“Мөрөөдлийн театр” Г.Алтаншагайн сахиуст зүүлт

Жүжигчин Г.Алтаншагай драмын театраас хошин урлаг руу хөрвөөд 10 гаруй жилийн нүүр үзэж буй. Мөрөөдлийн театраар овоглох болсон тэрбээр сүүлийн үед машины сахиус, зүүлт зарах болсон байна. Түүний зарж буй сахиуст зүүлт нь Говийн V ноён хутагт Д. Данзанравжаа, нар мандаж буй Хамрын хийдийн зураг дээр Сандүйн жүд хураангуй тарни харагддаг гэсэн. Мөн хангайн нурууны тахилгатай ариун дагшин Отгонтэнгэр хайрханы зураг дээр Сандүйнжүд хураангуй тарни зэргийг харуулжээ. 89 мянган төгрөгийн үнэтэй тус зүүлт нь эр хүний хийморь лундаа сэргээх, ажил үйлс нь бүтэмжтэй, 4 зүг, 8 зовхист харилцаа холбоотой байх, Элдэв хор хөнөөлөөс сэргийлэх билэгдэлтэй гэсэн шүү.
“Эмоци”-ийн О.Тэмүүжин Эрдэнэтчүүдийг орон сууцжуулж явна

Оюутан байхаасаа Boom town хамтлагийн дуучин бүжигчин гэж танигдаж байсан “Эмоци” хамтлагийн жүжигчин О.Тэмүүжин өдгөө Эрдэнэтчүүдийг орон сууцжуулж яваа сурагтай. Тэрбээр тус газарт хотхон сүндэрлүүлж яваа Grand Garden хотхоны реклам сурталчилгааг гардан гүйцэтгэж яваа юм. Тэрбээр ажлынхаа хөлсөнд 2022 оны land-300 загварын автомашиныг авсан гэх мэдээлэл бий.
Жүжигчин Б.Отгонтуяагийн чипс амттай

Хошин урлагийн бүсгүйчүүдээс хөдөлмөрөөрөө өдий зэрэгтэй яваа бүсгүй бол Б.Отгонтуяа. Уран бүтээлийнхээ хажуугаар 4 хүүхдээ өсгөж яваа тэрбээр чипсны зах зээлд хүч үзээд хэдэн жилийн нүүр үзэж буй. Энэ утгаараа түүнийг үеийн уран бүтээлчид нь хамгийн хөдөлмөрч, хамгийн амттай чипстэй хэмээн үнэлдэг юм билээ.

