ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДЭД ХҮРГЭХ ИНТЕРНЭТ ҮЙЛЧИЛГЭЭНД СААД УЧРУУЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ?

Хэдхэн хоногийн өмнө ШӨХТГ-аас Юнивишн ХХК-г торгож, Алтан тариа ХХК, Мак, Номин зэрэг хувийн хэвшлийн томоохон аж ахуй нэгжүүдэд торгууль ноогдуулсан.
Гэхдээ дээрх шийдвэрүүд чөлөөт эдийн засгийн нийгэмд зөв торгууль мөн үү, үнэхээр хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр мөн эсэх нь эргэлзээтэй байна.
ШӨХТГ-ын даргаар очсон сүүлийн үеийн зарим дарга нар нь “попрох” маягаар хувийн тоглолт хийж улстөрчийн дараагийн шат ахих гишгүүрээ болгодог болсноор удаж байна.
Хамгийн сүүлд гэхэд С.Мөнхчулуун ШӨХТГ-ын даргаар томилогдож, фэйсбүүк жиргээгээр л баахан ажилласан дүр үзүүлэв. Өнгөрөгч нэгдүгээр сард ковидын хуулийн үйлчлэл дуусаж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Дараагийн даргын сонгон шалгаруулалт одоог хүртэл зарлагдаагүй, харин ШӨХТГ-ын даргын түр үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайд С.Амарсайхан өөрийн ахлах зөвлөх Ц.Уртнасанг томилоод буй.

Энэхүү богино хугацааны томилгоогоор дамжуулан С.Амарсайхан өөрийн хувийн бизнесд таатай нөхцөл бүрдүүлэхээр оролдож эхэллээ.
Тодруулбал шадар сайд С.Амарсайханы эзэмшлийн Home Media нь Улаанбаатар хотын гэр хорооллуудад зориулсан үйлчилгээ үзүүлдэг. Харин түүний зөвлөх ШӨХТГ-ын даргаар томилогдсон дариудаа ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий байгууллага руу чулуу нүүлгэж, үндэслэл муутайгаар их хэмжээний мөнгөн торгууль ноогдуулж, бизнесийн нэр хүндэд нь халдаж байгаа нь шударга өрсөлдөөнийг бус бизнесийн үйл ажиллагаанд төрийн гарыг дүрж хувийн эрх ашгийг дээгүүрт үзсэн шударга бус үйл ажиллагааг өөгшүүлж байгаа хэрэг юм.

