Дүүргүүдэд Төрийн аудитын шалгалт оржээ. Нийслэлийн 9 дүүргийн ихэнх нь аудитын шалгалтаар их бага хэмжээгээр асуудал гаргаж, “унасан” байна.
Энэ удаад бид Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланд хийсэн аудитын шалгалтаар илэрсэн зөрчлийг онцолж байна.
Тодруулбал, тус дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Шилэн дансны орлого 800,235.5 мянган төгрөг, зарлагад 101,915.5 мянган төгрөгийн 33 гүйлгээг мэдээлээгүй болох нь илэрчээ.
Шилэн дансны тухай хуулийн 7.1-т “Шилэн дансны мэдээллийг “ иргэн олон нийтэд хүргэх үүргийг дараах албан тушаалтан хүлээнэ” хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл, дээрх асуудлын хариуцлагыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл хүлээх ёстой юм.
Мөн дээрх хуулийн 10.1-т зааснаар “Хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” хэмээн заасан байдаг. Түүнчлэн, Шилэн дансаа 10 хоног хөтлөөгүй бол ажлаас нь халах асуудал яригддаг талаар “Шилэн” Цогоо хэвлэлд ярьж байсан удаатай.
Ямартаа ч, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы ойрын хүн гэгддэг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлд нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэр халдаж, хариуцлага хүлээлгэхийг харах л үлдлээ.

Тэгвэл Н.Батсүмбэрэл нь 2006 онд нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтнаар ажлынхаа гарааг эхлүүлж, 2007 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт референт, 2007-2010 онд нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, 2011-2012 онд НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2011-2012 онд МҮХАҮТ-д хэлтсийн дарга, мөн онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2012-2013 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 2013-2016 онд МАН-ын Улс төрийн бодлогын ахлах ажилтан, 2016 онд Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дарга, 2008-2012 онд Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч тэргүүлэгч, 2016 оноос Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 2020 оноос дүүргийн Засаг даргаар тус тус ажиллаж байгаа улс төрийн замналтай нэгэн юм.

