Тод манлай уяач Пунцагбалжирын Энхмөнх энэ жилийн наадмаар тун гарзтай байгаа гэнэ шүү. Тодруулбал тэрбээр 2023.7.12-13 шилжих шөнө Хүй долоон худагт барьсан гэрээсээ эртний хоёр эмээл, хазаар, зааны ясан хөөрөг, жижиг мөнгөн аяга, Тод манлай уяачын зэндмэнэ эрдэнийн оройтой малгай зэргээ алджээ.
Тэрбээр энэ талаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Одоогоор хулгайчийг хайж л байгаа аж.
Малгайгаа гээсэн бол нар шингэхээс өмнө олох ёстой. Олоогүй бол “зовлонгоо хаялаа” гээд тэр чигт нь хаядаг ёс Монголчуудад бий. Харин Тод манлай уяач малгайгаа хаях эсэх нь тодорхойгүй байна.
Ямартай ч хулгайчийн талаарх мэдээллийг П.Энхмөнхийнх 100 сая төгрөгөөр үнэлээд байгаа аж.
Монголчууд малгайгаа гээвэл толгойгоо гээсэнтэй адил гэдэг. Монгол улсын Тод манлай уяач толгойгүй л яваа бололтой…