“Гацуурт” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн нутагт иргэд, малчдыг жолоодож явсан “Ланд круйзер-200” загварын 1559 УБЦ улсын дугаартай автомашинаар дайрч хөнөөхийг завдсан, иргэдийг малын хулгайч гэж мэдэгдэл гаргаж бусдын гүтгэсэн хэмээн яллагдагчаар татагдан цагдаагийн байгууллагад шалгуулж дууссан билээ. Өдгөө Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас түүнд холбогдох хэрэгтэй танилцаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх, эсэхээ шийдвэрлэхээр болоод байгаа. “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатын жолоодож иргэд, малчдыг мөргөсөн гэх, 2016 онд үйлдвэрлэсэн, мөн онд Монгол Улсад оруулж ирсэн “Ланд круйзер-200” загварын тээврийн хэрэгсэл нь охин, Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номингийн нэр дээр бүртгэлтэй. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд Ч.Номингийн нэр дээр уг машин бүртгэлтэй ч Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрынхан Л.Чинбатад холбогдох хэргийг өнгөцхөн шалгаад иргэний хариуцагчаар түүнийг таталгүй прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр хүргүүлчихэж. Уг нь Иргэний хуулийн 499.1-т “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 499.3-т “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй”, 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байдаг. Энэ заалтыг үндэслэн Соёлын сайд Ч.Номинг иргэний хариуцагчаар татаж, мөргүүлсэн гэх хүмүүст учирсан хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй байхад Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрынхан үүнийг хэрэгжүүлээгүй нь хардлага төрүүлж буй юм.
Соёлын сайд Ч.Номинг “Шүүр”-дэх гол үндэслэл бол аавынх нь эзэмшиж яваад хүн дайрахыг завдсан 1559 УБЦ дугаартай “Ланд круйзер-200”-гаа ХАСХОМ-тээ үнэн зөвөөр мэдүүлээгүй явдал. Анх сайд болохдоо ч, тавдугаар сарын 31-нд олон нийтэд ил болсон 2022 оны мэдүүлэгтээ ч уг машиныг бүртгүүлээгүй нь Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл. Тэрбээр сайд болохдоо бүртгүүлсэн ХАСХОМ-тээ “туулах чадвар өндөр “Ланд круйзер-80”-1 хэмээсэн байгаа. Харин аавынх нь жолоодож явсан “Ланд круйзер-200” нь Ч.Номингийн нэр дээр холбогдох байгууллагын мэдээллийн санд бүртгэлтэй.
Тэгвэл энэ жилийн ХАСХОМ-т “Жийп болон туулах чадвар өндөр “Ниссан патрол”, “Мерседес бенз G 55 AMG”, суудлын жижиг машин “Porsche сayenne”, “Тоёота алпард”, туулах чадвар өндөр “Ланд круйзер-80” тус бүр нэг гэж бүртгүүлсэн байгаа юм. Үүнээс үзэхэд ХАСХОМ-ээ үнэн, зөвөөр мэдүүлж АТГ-т гаргаж өгөх ёстой албан тушаалтан Соёлын сайд Ч.Номин нийтээр дагаж мөрдөх хуулийг хэрэгжүүлээгүй, хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байх зарчмыг баримтлаагүй, зөрчсөн учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа гишүүнд хариуцлага тооцох үндэслэл бүрдсэн. Гэвч нүдэн балай, чихэн дүлий байгаа учраас “Шүүр” ажиллагаа үр дүнд хүрэхгүй гэж харагдаж буй юм.