Удам дамжсан судлаачдын нэг бол Монголын нэрт эрдэмтэн Ш.Гаадамбын хүү Билгүүдэй билээ. Тэрээр “Буддын утга соёлын нэр томъёоны уламжлал, хөгжил” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр ийнхүү манай дуранд өртжээ.
Утга уран зохиолд үнэтэй хувь нэмэр оруулсан Ш.Гаадамба анх 1958 онд Орост суралцаж байхдаа академич Ц.Дамдинсүрэн рүү захиа бичин зөвшөөрөл авч Монголын нууц товчоог судлах болжээ. Ингээд 1961 онд “МНТ бол XIII зууны уран зохиолын дурсгалт бичиг мөн” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Энэ цагаас хойш Монголын эртний уран зохиолын гайхамшигт дурсгалт бичгийг олон арван жил судалж “Нууц товчооны нууцыг нээгч” гэсэн хүндлэлийг олсон юм. Сонирхолтой нь хүү Билгүүдэй Монголын нууц товчоо судлалаар докторын зэрэг хамгаалсан, удам дамжсан судлаач юм.
Г.Билгүүдэй нь эрдэмтэн Гаадамба гуайн тав дахь хүүхэд. Гурван эгч, нэг ах, нэг эрэгтэй дүүтэй. Тэрээр Монголын утга уран зохиолын ноён оргилын нэг болсон нэртэй аавынхаа үргэлжлэл болж хийж туурвиж байсан ажлыг нь тодотгож яваа билээ.
Б.Мөнхжаргал