Боловсрол судлаач Б.Батаа: Монголын 15 настай хүүхдүүдийн боловсрол олон улсын үнэлгээгээр шаардлага хангахгүй гэсэн аймаар дүн гарлаа
PISA шалгалтын үнэлгээг зөв зарламаар байна аа. Аймаар дүн гарчихаад байхад дүнг сонссон танхим нь баяр ёслолын байдалтайгаар алга ташиж хүлээж аваад байх юм.
Хэдэн орноос хэдэд орсон нь чухал биш. Харин боловсролын чанар нь тун сайн/дунджаас дээгүүр/, дундаж, тааруу/дунджаас доогуур/ гэсэн 3 ангилалын алинд нь орсон бэ? гэдэг л илүү чухал шүү дээ!
Монгол улсын 15 настай хүүхдүүд математик, унших чадвар, байгалийн ухааны гэсэн гурван агуулгын гурвуулангаар нь “тааруу” буюу шаардлага хангахгүй байгаа гэсэн ангилалд орсон байна!
Математикийн хичээлээр сурагчдын 51%, унших чадвараар 64% нь, байгалийн ухаанаар 50% нь хангавал зохих суурь түвшиндээ хүрэхгүй байна.
Дээрх үзүүлэлтийг сурлага сайтай сургуулиудын сурагчид өөд нь татсан байгаа. Тэгэхээр зарим сургуулийн хувьд сурагчдынх нь 50-аас дээш хувь нь/60, 70, бүр 80 хувь нь ч байж болно/ бүх хичээлдээ тун тааруу сурдаг байх нь.
Өөрөөр хэлбэл, монголын 9-р ангийн нийт сурагчдын 40% нь бүх хичээлдээ тун тааруу сурч байна.
Аймгийн сурагчдын үзүүлэлт хотын сурагчдынхаас муу, сумын сурагчдын үзүүлэлт аймгийн сурагчдынхаас муу гарчээ. Эндээс юу гэж дүгнэж болох вэ?
Суманд бүх хичээлдээ тааруу сурч буй сурагч 40 хувиас олон байгаа/50, 60, 70, бүр 80 хувь ч байх магадлалтай/.
Тэд хүүхдээ яаж сургаад байна аа? Бид яаж сургаад байна аа? Тэдний хүүхэд яаж сураад байна аа? Бидний хүүхэд яаж сураад байна аа?
Жич:
Монголын хувийн сургуулиудын сургалтын чанар улсын сургуулиудынхаас доогуур гарсан байна лээ. Энэ юуг хэлж байна вэ? Хувийн сургуульд илүү сайн багш, илүү сайн хөтөлбөр, илүү сайн орчин байгаа. Гэтэл үр дүн нь яагаад ийм байна вэ?
Дараах 2 шалтгаантай байж болно.
1. Манай баячууд хүүхдээ буруу хүмүүжүүлдэг. Тэд нар нь эрхлээд хичээл хийдэггүй.
2. Хувийн сургуулиуд төлбөрөө бодоод хүүхдүүдийнх нь талаар бодит мэдээлэл, дүн үнэлгээг эцэг эхчүүдэд нь өгдөггүй.
3. Төлбөртэй сургуулийн эцэг эхчүүд сургуулийнхаа багш нартай бүдүүлэг, дээрэнгүй харьцдаг. Тэд айхдаа хүүхдийнх нь талаар үнэн, бодит мэдээллийг хэлж чаддаггүй.

