– Энэ хуулийн төсөлд сэтгүүл зүйн салбарын хөгжлийн бодлогыг баталгаажуулсан зүйл ховор –
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ХЗДХЯ-наас боловсруулж, яаруу сандруу хэлэлцүүлэг өрнүүлж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор хуульч, судлаач, хэвлэл мэдээллийн гал тогоонд ажиллаж буй мэргэжлийн сэтгүүлчид янз бүрийн байр суурь илэрхийлэх болсон. Тухайлбал, энэ төслийн цөөнгүй зүйл, заалтыг сэтгүүлчид бид эсэргүүцэж байгаа юм. Хуулийн төслийн талаар хуульч, судлаач, хууль зүйн ухааны доктор, профессор Б.Батзоригтой ярилцлаа.
-Засгийн газраас Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн барихаар удаа дараа хэлэлцүүлэг шуурхай зохион байгуулж байна. Энэ төсөлд сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг сэтгүүлчдийн хувьд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тухайлбал, төслийн 4.1.1-т “сэтгүүлч” гэж хэнийг хэлэхийг тодорхойлохдоо “бие даан цахим болон бусад орчинд өөрөө хэвлэн нийтлэгч хэлбэрээр сэтгүүл зүйн үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа хүнийг” гэж тусгасан. Энэ заалт нь хэн дуртай нь сэтгүүлчээр ажиллаж болно гэж ойлгогдохоор байгаа нь миний хувьд байж боломгүй санагдлаа. Та үүнийг хэрхэн үзэж байна вэ?
-Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэж хэт явцуу хүрээнд харвал, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэсэн хүрээнд зохицуулах гэж байвал ойлгож болох юм. Гэхдээ эрх болон эрх чөлөө гэдэг ойлголт эрс ялгаатай.
-Эрхийг хуулиар хязгаарлаж болдог бол хүний эрх чөлөөг яаж ч хуулиар хязгаарлаж, бүр шоронд хорьсон ч хааж боож хэзээ ч чадахгүй. Өмнө нь манайд алс бөглүү газар цөлөх, элдвээр нэр хоч өгч, гэр бүлээр нь гадуурхах гэх мэт олон арга хэрэглэж байсан ч хэзээ ч бүтээгүй. Дэлхий нийтээр мэдээллийн цахим сүлжээний хөгжлийг хязгаарлах гэж янз бүрээр л оролдож, тэр хэрээр нийтийн сүлжээний туурвигч нарыг хэрхэн зохицуулах гарц хайсаар байгаа ч эрх чөлөө гэдэг зүйлтэй тулдаг. Сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагааг олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холих юм бол иргэдийн амыг хуулиараа хамхисан анхны ардчилсан гэх орон болох биз. Тэгээд дээд боловсролын сургалтаас сэтгүүл зүйн ангиа хасаад жолооны курс шиг болгох хэрэгтэй.
-Хууль зүй, дотоод хэргийн сайдын зүгээс сошиалд үзэл бодлоо илэрхийлэгчдийг хариуцлагажуулахын тулд сэтгүүлч гэдэг “малгайн” дор оруулж байна гэж тайлбарласан. Үүний зэрэгцээ хэлэлцүүлгүүдийг маш шуурхай, богино хугацаанд явуулж, өргөн барихаар зүтгүүлж буй нь ямар учиртай юм бол?
-Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж заасан. Эндээс харахад итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө илэрхийлэх журмыг хуулиар тогтооно гэж бичээгүй байгаа биз. Журамлаж, хуульчилж болдоггүй учраас тэр. Эсрэгээрээ хязгааргүй эрх чөлөө байх боломжгүй, бусдын эрх, эрх чөлөөгөөр хэмжигдэнэ. Манайд бусдын эрх, эрх чөлөө гэсэн хязгаарыг зарим талаар даваад байна. Өнөөдөр улс төрч, эрх мэдэлтнүүд эмзэг болсон цаг үе. Бас “Ковид-19” цар тахлын нэр доор эрх чөлөөгөө хасуулах ямар байдгийг үзсэн. Сэтгүүлчид ял шийтгүүлэх болсон өнөө цагт үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хуульчлах хэрэгтэй гэсэн олон нийтийн хандлагыг ашиглаж байна гэж судлаачийн хувьд хардаж сууна. Энэ нь сэтгүүлчид, судлаачид, иргэний нийгмийн байгууллага, өөрийн итгэл үнэмшилдээ ямагт тууштай байдаг “зөрүүд” иргэдээ хариуцлагажуулах нэрийн доор эрх чөлөөг нь хуульчилж, журамлах гэж байна. Үндсэн хууль зөрчсөн ийм хууль боловсруулахын оронд “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх хөтөлбөр” гаргаад, хэдэн жилийн дараа ийм эрх чөлөөг баталгаатай эдлэх боломжийг олгох вэ гэдгээ дэлхийд зарлан хэрэгжилтийг хянаад явчихвал дээр байх.
-Ер нь Засгийн газар энэ хуулийн төслийг боловсруулж, зүтгүүлэх нь хэр зохимжтой вэ?
-Засгийн газрын бүрэн эрх л дээ. Гэхдээ дэлхийн ямар ч улс орны удирдлагын толгойн өвчин нь сэтгүүлч, судлаач, иргэний нийгмийн байгууллага, нийтийн сүлжээний туурвигчид байсаар ирсэн, байх ч болно. Засгийн газар эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх гэхээс илүүтэй бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах гэсэн зорилготой байдаг. Үүндээ тааруулж хуулийн төсөл боловсруулдаг, батлах гэж оролддог. Манайд шууд баталдаг. Хуулийн төсөл боловсруулдаг УИХ-ын ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүнийг харахад л энэ нь батлагдана. Дан төрийн албан хаагч, удирдлагууд. Тэд бүрэн эрх чөлөөтэй байж хэзээ ч чадахгүй. Тэгэхээр олон нийтэд, тэр дундаа хуулийн төслийн хэлэлцүүлэг явуулахаас илүүтэйгээр хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд эрх чөлөөний нэгдсэн ойлголт өгөх тал дээр сайтар анхаарах хэрэгтэй. Үүнд улс төрч, дарга нараас илүү иргэний нийгмийн идэвхтэн, судлаач нарыг ашиглах нь чухал. Тэгэхгүй хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч нарт учирдаг бэрхшээл, зовлонг сонсож, түүнийг даван гарах зохицуулалт хийнэ гэвэл эргээд тэднийг бүрэн боомилох боломж бүрдэх вий. Тийм ч учраас хэвлэн нийтлэх эрх чөлөөг эдлэх журмыг хуулиар зохицуулна гэж Үндсэн хуульд бичээгүй байгаа шүү дээ.
-1998 онд баталсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуульд “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэж заасан. Гэтэл одоо боловсруулаад байгаа хуулийн төсөлд Засгийн газар хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болно” гэчхэж. Ийм заалт оруулсан нь хэвлэлийн эрх чөлөөнөөс ухарч, хязгаарлах гэж буй хэрэг биш үү. Ер нь Засгийн газар, УИХ, яамд, нийслэлийн Засаг дарга дэргэдээ хэвлэлийн албатай болж, бэлэн мэдээгээр сэтгүүлчдийг “бөмбөгдөж”, бас хуульд ийм заалт оруулсан нь аажмаар эрх чөлөөг боомилох гэсэн нэгэн хэлбэр байж болох уу?
-1998 оны хууль бол маш том харилцааг зохицуулсан “жижигхэн” хууль. Дөрөвхөн зүйлтэй. Хуулийн зорилт нь мундаг. Гэтэл энэ жижиг, маш ойлгомжтой хуулийн хэрэгжилт ямар байгаа билээ. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлахыг хориглоно гэчхээд Өргөн нэвтрүүлгийн тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Төрийн болон албаны нууцын тухай гээд зөндөө хууль баталчхаад байна. Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг ярилтгүй. Хоёрт, “Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй” гэж хуульчилсан атлаа төр өөрөө элдэв хаалтын гэрээ байгуулбал хэрхэхийг хязгаарлаагүй. Төрийнхөн өөрийн цензур тогтоосон мэдээллийг авахаас аргагүй нөхцөл, журмыг сэтгүүлчдэд тулгадаг болсон. Түүнийг нь зөрчвөл шийтгэж магадгүй. Гуравт, “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй” гэчхээд бүхэл бүтэн төрийн хяналтын тогтолцоо бүрдүүлчхээд байна. Эцэст нь “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэсэн мөртлөө байгууллага болгон хэвлэл мэдээллийн жирийн байгууллагын авч хүрэхгүй тоног төхөөрөмжтэй, төрийн албан хаагчдыг ажиллуулдаг болсон. Бүр “Шилдэг контент”-ын шагналыг төрийн байгууллага авсан байдаг биз дээ. Удахгүй сэтгүүл зүйн салбарын шилдгүүд, шилдэг бүтээлийн шагналыг төрийн байгууллага авахад гайхах зүйлгүй.
Хэлэлцүүлж байгаа хуулийн төслийн 5.5-д “Засгийн газар нь Монгол Улсын тухай мэдээллийг олон улсад түгээх, сурталчлах зорилго бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болно. Энэ хэсэгт заасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь арилжааны үйл ажиллагаа эрхлэхгүй бөгөөд нэгээс илүүгүй байна” гэдэг агуулгаар байж болох байх. Гэхдээ УИХ-д очоод “олон улсад” гэдэг үгийг олонхын саналаар хасчихвал яах билээ, ёстой хэлэх үг олдохгүй байна.
-Мэргэжлийн сэтгүүлч, сурвалжлагч бидний хувьд энэ төсөлд дэмжүүштэй нэг бүлэг оруулсан нь эх сурвалжаа нууцлах эрхийг баталгаажуулахтай холбоотой. Гэхдээ шүүхийн шийдвэрээр нууцлах эрхийг хязгаарлана гэж нэмж тусгаж буй нь нэгдэн орсон НҮБ-ын конвенц зэргээс ухарч байгаа хэлбэр биз дээ?
-Яг тийм. Төслийн 14.2-т “Тухайн мэдээллийн нууц эх сурвалжийг өөр арга замаар олж мэдэх боломжгүй бөгөөд үндэсний аюулгүй байдал, хүний амь нас, эрүүл мэндэд бодит хохирол учруулахуйц гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэслэлтэй нь шүүхээр тогтоогдсон нөхцөлд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эх сурвалжаа нууцлах эрхийг тус шүүхийн шийдвэрээр хязгаарлаж болно” гэсэн нь сэтгүүлч та “эх сурвалжаа нууцална” гэсэн “гоё” үгийг нууц эх сурвалждаа хэлсэн ч хэн ч итгэхгүй. Хүссэн нууц эх сурвалжийг төр энэ заалтаар танаас шууд илчлүүлнэ. Харин сэтгүүлч, нууц эх сурвалж өөрсдөө зөвлөлдөөд төрд өгөхөөр болсон бол хаалттай шүүхийн хэлэлцүүлгээр нууц эх сурвалжийг хамгаалах бүрэн баталгаа авах ойлголтоор зохицуулбал болох юм. Гэхдээ сэтгүүлч гэдэг их өргөн утгаар тайлбарлаж байгаа. Жишээ нь би энэ заалтыг ашиглаад гэмт хэрэг илрүүлэхэд саад учруулах элдэв арга саам хэрэглэж болно. Ингэж болохгүй л дээ.
-Эрүүгийн хуулийн 13.14 дэх зүйл заалтын талаар асуулгүй өнгөрч боломгүй. Гүтгэх, доромжлох гэсэн зүйл заалт 1961 оноос хойших Эрүүгийн хуулиудад тусгагдсан л байсан. Энэ зүйл заалтыг Эрүүгийн хуульд байх ёсгүй гэх нэг хэсэг бий. Зарим нь үүнийг нарийвчлан тусгаж сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагаас ангид авч үзэх ёстой гэдэг. Судлаач, хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй хүмүүс янз бүрийн байр суурь илэрхийлж байгаа. Нэг хэсэг нь бол Эрүүгийн хуульд ч, Зөрчлийн тухай хуульд ч байх ёсгүй л гэдэг. Ер нь анх хуулийн төсөлд арай өөрөөр тусгасан байсан гэдэг шүү дээ. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Ойлгомжгүй хуулийн заалтыг тайлбарлах гэсэн оролдлого гарч байгаа нь сайн. Гэхдээ Улсын дээд шүүхэд хууль тайлбарлах, ялангуяа эрх чөлөөтэй холбоотой ойлголтын бүрэн эрхийг олгох нь зөв байх. Тэд ч энэ үүргээ бусдаас илүү хэрэгжүүлмээр юм. Яагаад зөвхөн Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг анхаараад байгааг судлаачийн хувьд ойлгодоггүй. Энэ заалтын доор эрүүгийн болон захиргааны процессоор сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эрхэд ноцтой халдаж, залхаадгаас үүдэж байгаа болов уу. Дээрээс нь улс төрчид, эрх мэдэлтүүүд үүнийг ихээр ашиглаж байна. Энэ зүйл дэх илт худал мэдээлэл гэдэг оргүй худал гэсэн үг биз дээ. Энэ нь нэг хувийн үнэн байх магадлалтай байвал илт худал биш баймаар. Яагаад Эрүүгийн хуулийн 14.8, 18.2, 18.11 гэх зэрэг заалтыг анхаардаггүй юм бэ гэдэг нь ойлгомжгүй.
-Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн нэр бүхий иргэд, сэтгүүлч, хуульчид хандсаны дагуу Цэцэд маргаан үүсгэчхээд байгаа. Үндсэн хуультай зөрчилдсөн нь тодорхой болбол энэ заалтаар хариуцлага хүлээсэн хүмүүсийг хэрхэх вэ?
-Үндсэн хуулийн цэц Эрүүгийн хуулийн энэ заалт Үндсэн хууль зөрчсөн гэвэл шийтгүүлсэн бүх хүн цагаадна. Цагаадсан хүмүүст төр нөхөн олговор олгоно.
-Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимд тусгасан заалтуудыг хуулийн төслийн 10 дугаар зүйлд оруулсан нь зөв үү?
-Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдлэх журмыг хуульчилж болохгүй. Ийм болохоор эрх чөлөө эдлэх эрхийг хэрэгжүүлэх асуудал нь өөрийн зохицуулалтаар журамлагдах боломжтой. Тийм ч учраас хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтыг боломжийн зохицуулсан бололтой. Хэвлэл мэдээллийн байгууллагын ёс зүйн зарчмыг хуульчлахад болохгүй зүйлгүй.
-Энэ хуульд Монголын түүхийн баримт болж үлдэх өдөр тутмын сонинтой холбоотой нэг ч заалт байхгүй. Ер нь төр засгийн зүгээс өдөр тутмын сонины зах зээлийг хумьсан бодлого л явуулаад байгаа. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 2005 оны хуулийн 21 дүгээр зүйлд “Захиалагч тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, худалдан авах ажиллагааны цахим систем болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ” гэж заасан. Гэтэл энэ хуулийн шинэчилсэн найруулгад уг заалтыг авч хаясан. Үндэсний өдөр тутмын түүхийг бичиж, хадгалан, архив болгож буй сонинуудад тендерийн зарын төлбөр санхүүгийн бага ч атугай дэмжлэг болж байсныг хуулиас авч хаясан нь захиалга, борлуулалт эрс буурсан энэ үед буруу зохицуулалт болсон гэж хардаг юм. Энэ талаар байр сууриа илэрхийлнэ үү?
-Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө илэрхийлэх нь ямагт эрх мэдэлтэй хүмүүсийн эсрэг байх нь олонтоо. Тэд өөрийн муу түүхийг мартуулахыг хүсдэг. Кибер орчны хөгжлийг дагаад нийтийн сүлжээний туурвигч, цахим сайт олноор бий болж байгаа. Гэвч хакерын довтолгоон, түүхээ мартуулахыг хүсдэг хүмүүс мэдээллийг тэр чигээр нь устгах боломж бүрэн бүрдсэн. Бүрдсэн гэж дээ, кибер орчин дахь мэдээллийг устгуулж чадаж байгаа нь нууц биш. Харин сонинд бичсэн зүйлийг устгах боломжгүй, ихэнхдээ бүх дугаарыг худалдаж авдаг байсан. Аливаа төрийн хууль нь тухайн салбарын бодлогыг зохицуулах гэхээс илүүгээр хөгжлийн бодлогыг баталгаатай хангахад чиглэдэг. Энэ хуулийн төсөлд сэтгүүл зүйн салбарын хөгжлийн бодлогыг баталгаажуулсан зүйл ховор. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар ямар ч гэсэн телевизүүдийн “шударга өрсөлдөөн”, кибер орчны хөгжлийн давлагаанаас хамгаалах том алхам болсон гэж үзэж болох юм. Тэгэхээр таны хэлсэнчлэн сонин, сэтгүүл гэх мэт хэдэн зуун өнгөрсөн ч баларч алга болохгүй мэдээллийн асар том баялгийг хамгаалсан зүйл огт байхгүй. Өдөр тутмын сонины үйл ажиллагааг хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй хольж хутгаж огт болохгүй, төрөөс тусгайлсан дэмжлэг шаардах нь зүй. Гэхдээ өөрийн муу муухайгаа түүхийн хуудаснаа арилшгүй мөр үлдээхийг хүсдэггүй төр үүнийг хийх болов уу.
-Төрийн байгууллагаас аливаа мэдээллийг олж авах нь сүүлийн жилүүдэд эрс хүнд болсон. Уг нь нээлттэй мэдээллээ өгөх ёстой гэж хуульчилсан ч төдийлөн хэрэгждэггүй. Зарим нь нууцлах ёсгүй зүйлийг байгууллагын нууцад хамааруулаад мэдээлэл өгөхөөс татгалздаг. Үүнийг энэ өргөн барьсан хуулиар зохицуулах боломж бий юү?
-Монголын төдийгүй дэлхийн хүмүүнлэг иргэний ардчилсан бусад улс оронд шүүх, хууль сахиулах байгууллагынхан хөндөж чаддаггүй эрх мэдэл бүхий хувь хүн, байгууллагын хууль бус, ёс суртахуунгүй үйл ажиллагаа, олон нийтийн эрх ашгийн эсрэг үйлдлийг илчилдэг засаглал бол эрэн сурвалжлах сэтгүүл зүй. Энэ талаар үг үсэг олж харсангүй. Тэгэхээр одоо энэ өргөн барих гээд байгаа төслийг сэтгүүл зүйн үйл ажиллаааг дэмжсэн хууль гэж үзэх үү? Харамсалтай л санагдаад байгаа юм.
Г.Цолмон
Өнөөдөр сонин