УИХ-ын харьяа банк, санхүүгийн салбарыг удирдах төрийн байгууллагын хяналтын зөвлөлийн дарга, гишүүдэд нэр дэвшигчдийг Эдийн засгийн байнгын хороонд 2024 оны 12 дугаар сарын 19-ны хүртэл бүртгэсэн байдаг.
Нэр дэвшигчдийг тодруулах процесс нь яагаад ашиг сонирхолын зөрчилтэй болсон талаар, мөн УИХ-ын баталж байгаа зарим хууль, тогтоолууд нь яагаад иргэдийн эрх ашигт нийцэхгүй байгаа талаар тодруулахаар иргэн Д.Ганбаяртай ярилцав. Тэрээр гадаад, дотоодын банк, санхүүгийн салбарт ажиллаж байсан эдийн засагч, эрх зүйч бөгөөд засаглалын чиглэлээр төр, улс төр, бизнесийн салбарт ажиллаж байна.
Өчигдөр ерөнхий сайд маань урд хөршийн Ерөнхий сайдтай уулзаж бичиг баримт аваад УИХ-ын дарга, гишүүдэд үзүүлж УИХ-аар тогтоол батлуулсан тухай бахархаж хэвлэлээр яриа өгсөн байсан. Энэ талаар байр сууриа илэрхийлнэ үү.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сая намар Шанхайд очих үедээ Хятадын Ерөнхий сайд болон “Чайна энержи”-гийн удирдлагуудтай уулзаад Монголын төрийн баримт бичгийн Хятадад хадгалагдаж үлдсэн хувийг сураглаж, олоод ирсэн гэсэн. Уг баримт бичгийг УИХ-ын гишүүдэд үзүүлж, байнгын хороодын дарга нарт үзүүлсэн юм байна. Тэгсэн чинь ямар нэг эсэргүүцэлгүй УИХ-ын тогтоол баталсан гэж ярьсан.
Энд хэд хэдэн хууль зөрчсөн ноцтой асуудал яригдаж байсан. Тухайлбал Хятадаас гаргаж өгсөн албан бичгийн 1 хувьд тулгуурлаж УИХ нь шийдвэр гаргадаг болсон байна. Уг нь Монгол Улс тусгаар тогтносон, хууль засаглалтай улс. Яагаад хууль хүчний байгууллага нь ажлаа хийхгүй, Ерөнхий сайд нь айлчлалаар өмнөх хөршөөс бичиг нэхэн Хятад улсын төрийн мэдээллийг хууль бусаар шаардаж цагдаагийн байгууллага шиг авч ирээд ард түмнээс сонгогдосон хууль тогтоох засаглалд хууль зөрчиж авсан нотлох баримтыг үзүүлж УИХ-аар шийдвэр гаргуулчихваа гэдэг нь байж боломжгүй үйлдэл. Энэ үйлдлээрээ Ерөнхий сайд Үндсэн хууль, холбогдох хууль зөрчсөн болох нь харагдаж байна.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Бүрэн эрхт, тусгаар тогтоносон, ардчилсан Монгол Улсын Их Хурлын гишүүдээ гэж гишүүд шиг байя, 8 сард энэ асуудал Эдийн засгийн байнгын хороонд орж ирж байхад хэлж байсан. Энэ гэрээ хэлцэл биш тулгалт байна…” гэж ярьж байсан. Анхаараад үзсэн чинь өмнө нь Ерөнхийлөгч хойд хөрш уруу айлчилж санамж бичиг байгуулчихаад Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль зөрчсөн болох гээд УИХ-аар тогтоол батлуулж нөгөөтэйгүүр эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж хууль бус үйлдлийг хууль ёсныг болгож байгаа гэж дүгнэж байна.
Ер нь ингээд үе үеийн төрийн өндөрлөгүүд айлчлал хийж санамж бичиг байгуулчихаад үүнийг нь хууль ёсных болгох гэж УИХ-аар хүчээр шийдвэр гаргуулдаг байдал нь төрийн эрхийг барих дээд байгууллагын бүрэн эрхт байдалд шууд халддаг үйлдэл болчихоод байгаа талаар Ч.Лодойсамбуу гишүүн хэлсэнийг дэмжиж байна.
– Та УИХ-ын үйл ажиллагаа нь хууль зөрчигдөөд байгаа талаар ярьж байна уу?
- Мэдээж Монгол Улсын Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулиа мөрдөж ажиллаж байгаа, гэхдээ сонгогдсон ард иргэдийн дэмжлэг авч чадахгүй, улс төрчдийн өөрсдийн ашиг сонирхлоор шийдвэрлүүлэх асуудалд яалт ч үгүй хуульд нийцүүлж байгаа мэт шийдээд байгаа зүйл олон гарч байна.
Үүний нэг жишээ бол Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулж олонхоор хүч түрж шийдсэн асуудал. Улс төрийн намын дарга нар нь хамтарсан Засгийн газрыг удирдаж байж өөрсдийн намын даргын байр сууриа хадгалахын тулд Засгийн газраас хуульд өөрчлөлт оруулж, намын харьяа УИХ-ын гишүүдийн шийдвэрт нөлөөлж байгаа нь төрийн дээр нам гарсанг нотлож байна.
Энэ талаар УИХ-ын гишүүнтэй чуулганы үүдэнд хэвлэлийн хурал хийж, мэдэгдэл гаргасан болохоор УИХ-ын даргын зөвлөл, холбогдох байнгын хорооны удирдлагууд нь миний үзэл бодол, эвлэлдэн нэгдэх эрхэнд ноцтой халдаж Үндсэн хууль зөрчин ялгаварлан гадуурхаж хүний эрхийг зөрчөөд байна.
УИХ-ын Д.Амарбаясгалан дарга уг нь УИХ-ын даргаар сонгогдчихоод хүний эрхийг дээдэлдэг гурван төгөлдөршилтэй парламент болно гэж байсан. Та илүү тодорхой ярьж болох уу?
Миний хувийн Монголбанкны хяналтын зөвлөлийн даргад нэр дэвшихтэй холбоотой асуудал л даа. Гэхдээ надад тохиолдсон нотлох баримттай үйл явдал учраас дахин давтагдахгүй үүднээс дурьдая.
Эдийн засгийн байнгын хороонд нь өнгөрсөн 12 дугаар сарын 19-ын өдөр нэр дэвших материалаа бүрдүүлж хүргүүлсэн. Над уруу Монголбанкны Хяналтын зөвлөл хэрэгтэй байгууллага биш харин Мөнгөний бодлогын хороонд орвол мэдлэг, чадвартай хүнд хэрэгтэй гэх зэргээр зарим гишүүд, ойрын нөхдүүд ярьж байсан. Миний хувьд банк, санхүүгийн салбарын засаглалыг сайжруулах шаардлагатай талаар хэвлэлээр ярьж, засаглалыг сайжруулах чиглэлээр 20 гаруй жил ажилласан. Монголбанкны Хяналтын зөвлөлийн захиалгаар 2022 онд “Төвбанкны засаглалын өнөөгийн байдал ба олон улсын туршлага” судалгаа хийсэн учраас банк, санхүүгийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж нь банк, санхүүгийн төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьдаг Хяналтын зөвлөлийн даргаар очих гэхээр надад итгэхгүй, айгаад байна л даа.
Та анх Компанийн засаглалын асуудлаар ажиллаж, хэвлэлээр их ярьдаг байсан. Энэ ажлыг хангалттай хийж чадах туршлагатай л юм байна шүү дээ. Уг нь нээлттэй сонгон шалгаруулалт юм бол шударгаар хийх ёстой биз дээ?
Уг нь Монголын хөрөнгийн бирж, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг төрийн байгууллага, хувийн хэвшилд олон жил ажилласан учраас хэзээ ч өөрийн ажиллаж байгаа салбарыг шүүмжилж улс төр хийж байгаагүй. Харин улс төрийн намын увайгүй үйлдэл, төр засгийн буруутай үйл ажиллагааг шүүмжилж ярьдаг учраас гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг эрх баригч нам айдастай байна.
2024 оны 12 сарын 24-ны өдрийн Эдийн засгийн байнгын хорооны бичлэг олон нийтэд цацагдсан байсан. Үүнийг нөхөж үзэхэд Монголбанкны хяналтын зөвлөлийн даргад Н.У гэж 1 багш нэр дэвшсэн гэж санал хураалгахаар байнгын хорооны материал авсан нөхдүүдтэй ярихаар мэдэхгүй гэсэн.
УИХ-ын даргын ажлын албаны даргатай нь маргааш нь уулзсан ч нөгөөдөр нь буюу 12 сарын 26-нд нэрийг нь оруулж санал хураалаад дэмжээгүй гэсэн. Анхаасаа 1 хүн дээр санал хурааж дэмжсэн байхад дахин оруулж хэлбэр үзүүлж, саналын дүнгээ байнгын хорооны сайт дээр тавьж миний нэр төрд халдсан. Энэ талаар нь хэлэхээр устгасан байсан.
Уг нь нийт 50 хүний материал ирээд тэндээс 21 хүнийг ямар ч шалгуур, үзүүлэлтээр сонгон шалгаруулсан юм бол?
Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд урьдчилж танилцуулахгүйгээр, өөрсдөө ямар 1 сонгон шалгаруулалт хийгээгүй байж хурлын өмнө гишүүдэд тарааж өгч нэрс уншиж саналаа өг гэж тулгаж байсан. Энэ талаар тус байнгын хорооны гишүүд шүүмжилж байсан.
Зүгээр л дээгүүрээ ярьж байгаад тохирчихдог. Тохирсон нэрээ Эдийн засгийн байнгын хорооны хурлаар оруулж ирж хүчээр батлуулах гэж үзсэн.
Монголбанкны хяналтын зөвлөл бол яалт ч үгүй Монгол Улсын сан хөмөргөнд хяналт тавих маш хариуцлагатай шударга хүн байх ёстой биз дээ
Ер нь бол нэгэнт тохироогоор томилогдох нь тодорхой болсон учраас Хяналтын зөвлөл үр дүнтэй ажиллаж чадна гэдэгт итгэх байна.
Нэгэнт нэр дэвших боломжгүй болсонг мэдсэн хүний хувьд нэр дэвшигчдийн сонсголд хараат бус шинжээчээр оролцох иргэдийг бүртгэж байна гэхээр нь бүртгүүлсэн. Байнгын хорооны зөвлөх нь тань шиг шинжээчээр орж дүгнэлт бичдэг хүн олддоггүй юм. Байнгын хорооны 2024 оны 01 сарын 07-ны тус байнгын хорооны хурлаар оруулна гэхээр нь хүлээгээд өнөөдөр залгасан чинь УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар таны асуудлыг оруулаад дэмжигдээгүй гэсэн. Тэгвэл даргын зөвлөлийн тогтоолоор албажих ёстой биз дээ гэхээр маргааш байнгын хорооны хурлаар таны асуудлыг оруулах байх гэх юм.
Ер нь байнгын хорооны хурлаар ямар шийдвэр гаргахыг УИХ-ын даргын зөвлөл хуралдаж шийдчихээд Байнгын хорооны даргад нь үүрэг өгөөд байдаг юм уу гэж хардаж байна. Тухайлбал Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 12 сарын 24-ны өдрийн Дулааны 3-р цахилгаан станцтай холбоотой шийдвэр дэмжигдэхгүй уначихаад байхад Р.Сэддорж дарга нь гишүүнээр горимын санал гаргуулж дахин санал хураалгаж дэмжүүлж байх жишээтэй.
УИХ-ын санал хураах, шийдвэр гаргах асуудлыг цаашид яаж ёстой юм бэ?
Байнгын хорооны хурлаар дарга нь УИХ-ын даргын зөвлөл дээр шийдсэн шийдвэрээ гаргуулахын тулд төхөөрөмж ажилласангүй, дахин санал хураалгах горимын санал гаргах зэргээр саналын хүчингүй болгуулж байгаа нь харагдаж байна. Ер нь Д.Амарбаясгалан дарга зориудаар санал хураах төхөөрөмж нь асуудалтай байлгаад байгаа юм бишүү гэж хардаж байна.
Байнгын хорооны хурлын процессын томсгосон хувилбар бол УИХ-ын чуулганы хуралдаанд санал хураах төхөөрөмж ажилсангүй гэж дэмжсэн үгүйг проктоколд тэмдэгдүүлж өөрийн хүссэн шийдвэрээ УИХ нь гаргадаг болчихоод байна.
Ер нь УИХ-ын үйл ажиллагаатай, хууль зөрчиж байгаа эдгээр олон үйлдлүүдэд дүгнэлт гаргаж, тайланг англи дээрнь Олон улсын парламентийн холбоо, НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөлд хүргүүлж зөвлөмж хүргүүлнэ гэж бодож байна.
Таныг засаглалыг сайжруулах гэж үг, үзэл бодлоо илэрхийлдэгт талархаж байна. Ард түмний төлөөлөл болсон УИХ-ын эрхэм гишүүд УИХ-ынхаа засаглалыг сайжруулж шударгаар ажилладаг болоосой гэж хүсч байна. Баярлалаа